БАЯН-ӨЛГИЙ: МУБИС-ийн харьяа ахлах сургууль ирэх хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталсан.
Тус тогтоолын дагуу МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн дэргэд ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулахаар шийдвэрлэжээ.
Тэгвэл тухайн ахлах сургуулийн тусгай зөвшөөрөл энэ сарын 6-ны өдөр гарсан байна. Ахлах сургууль нь МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн баазыг түшиглэн үйл ажиллагаа явуулах ба “PEARSON” олон улсын сургалтын хөтөлбөрөөр англи хэл, япон хэл, математик, мэдээллийн технологийн хичээлийг гүнзгийрүүлэн заана.
Сургалтын үйл ажиллагаа ирэх хичээлийн жилээс эхлэх
тул удахгүй элсэлт авах аж. Харин суралцагчид тодорхой хэмжээний төлбөр төлөх
ба төлбөрийн хэмжээ хараахан тодорхойгүй байна.