“Агро Экспо-2024” нээгдэж газар тариалан эрхлэгчдийн форум болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-07 17:38:53

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Олон улсын ХАА, ой, газар тариалангийн салбарын нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо-2024” өнөөдөр Буянт-Ухаагийн Спортын ордонд нээгдлээ. Үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Герман, Малайз зэрэг орны компаниудын ХАА-н техник, тоног төхөөрөмжүүдийг үзүүлж байна.




Үзэсгэлэнгээс гадна энд ХАА эрхлэгчдийн форум болж байна. Форумын гол илтгэлийг Монголын Тариаланчдын Үндэсний холбооны тэргүүн Л.Баяртулга “Азийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал ба Монголын газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь” сэдвээр хэлэлцүүллээ.


Үзэсгэлэнд оролцогчийн нэг ОХУ-ын “Релиш” компанийн худалдааны захирал Л.Д.Гайнутдиновтой уулзвал, “Бид Монголын зах зээлд орохоор анх удаагаа ирж оролцож байна” гэв. Тус компани хүнсний төрөл бүрийн амтлагч, суп импортлохоор иржээ. Түүхий эдээ Ази, Номхон далайн орнуудаас авдаг, органик бүтээгдэхүүн гэдгийг танилцууллаа. “Танай улсад ихэвчлэн Европын бүтээгдэхүүн худалдаж байна. Манай бүтээгдэхүүн чанарын хувьд дутахгүй” гэсэн юм.




Үзэсгэлэн, форум энэ сарын 7-9-нд үргэлжилнэ. Маргааш, 6 дугаар сарын 8-нд Газар тариаланчдын форум болж, Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн Б.Ундрах-Од хөрсний үржил шимийг сайжруулах технологиудын талаар танилцуулж, “Усалгаатай тариалангийн хөгжлийн чиг хандлага”, “Газар тариаланд ашиглаж буй ургамал хамгааллын бодис болон бордооны чанар”-ын талаар доктор Н.Бямбасүрэн илтгэл тавих юм.


Үзэсгэлэн, форумын зохион байгуулагчаар “Экспо-Монгол” компани, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мөнх ногоон тал”, алтан ивээн тэтгэгчээр “Агромаштех” компаниуд ажиллаж байна.  









Related news