ЗАВХАН: Цагдаагийн газрын шинэ байрны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-10 13:21:30

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагдаагийн газрын шинэ байрны шав тавилаа.


Улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих уг барилгын гүйцэтгэгчээр “Дэлгэрэх төгс хийц” компани ажиллах ба барилгын ажил энэ сарын 27-ны өдрөөс эхэлнэ.


Цагдаагийн газрын шинэ барилга нь 3 давхар, 50 албан өрөө, 100 алба хаагчийн багтаамж бүхий хурлын танхим, 6 автомашины дулаан гарааш, бялдаржуулах танхим, зэвсэг хэрэгслийн агуулах бүхий стандартад нийцсэн байр байх юм. Шинэ барилгыг 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. 


Аймгийн Цагдаагийн газрын шинэ байрны шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсын Гавьяат хуульч, Хошууч генерал Д.Сандаг-Очир, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Отгонжаргал тэргүүтэй зочид, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд, ахмадууд, алба хаагчид оролцлоо.


Шав тавих ёслолын үеэр Улсын Онцгой комиссын шийдвэрээр тус Цагдаагийн газарт туулах чадвар бүхий NISSAN PATROL Y61 маркийн автомашиныг Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон өглөө. Мөн үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр 2024 онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төслийг шинээр болон үргэлжлүүлэн хийнэ. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй Цагдаагийн газрын шинэ барилга юм. Цаашид Цагдаагийн газрыг авто гарааш, спорт цогцолбортой болгох зорилтыг тавьж ажил хэрэг болгохоо дуулгасан гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Ташрамд, Цагдаагийн газар 1989 онд ашиглалтад орсон зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Тус барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад 2 жил болжээ. 

Related news