ХӨВСГӨЛ: Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж, орой хумьдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-11 11:24:08

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нуурт ургадаг бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж, орой бүр хумьдаг. 


Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь гүн биш эрэг орчим 1-1,5 метр гүн юм.


Ходон нуур гадагш, дотогш урсгалгүй бөгөөд дэлхийн дулаарлаас болж усны түвшин багасаж байгаа гэнэ.Тус нуурт бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Энэ цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг.



 

Бөлбөө цэцэг нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган, нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж, дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг.


Цэцэг дэлбээлсэн үед нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг үзэсгэлэнтэй байдаг.


Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын сонирхон үздэг газар болжээ.

 

 

Related news