"Флорида Пантерс" Стэнлийн цомын финалын хоёр дахь тоглолтод хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-11 13:19:21

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 11 /TASS/. Америкийн Үндэсний хоккейн лигийн финалын цувралын хоёр дахь тоглолтод "Флорида Пантерс"-ын хоккейчид "Эдмонтон Ойлерс" багийг талбайдаа 4:1-ээр хожлоо. 


Тоглолтын 12 дахь минутад "Эдмонтон Ойлерс"-ын швед хамгаалагч Маттиас Экхольм тоглолтын эхний шайбыг оруулсан бол 30 дахь минутад Нико Миккола тооны харьцааг тэнцүүлсэн байна. Гуравдугаар үед Эван Родригес 44, 53 дахь минутад дубль хийж, 58 дахь минутад Аарон Экблад хоосон хаалганд цохижээ.


"Флорида Пантерс" багт Оросын гурван хоккейчин тоглодог. Тус багийн хаалгач Сергей Бобровский 19 цохилтын 18-ыг нь хаасан байна. Тэрбээр Оросын хаалгачдын дунд Үндэсний хоккейн лигийн финалын цувралд хожсон тоогоор хоёрдугаарт шалгарсан бөгөөд “Эдмонтон Ойлерс”-ыг хожсон нь түүний хувьд 43 дахь хожил юм. Энэ үзүүлэлтээр С.Бобровский Евгений Набоковыг (42) ардаа орхисон бол тэргүүлэгч нь Андрей Василевский (66) юм.


“Эдмонтон Ойлерс”-ын канад довтлогч Коннор Макдэвид “Флорида”-гийн эсрэг хийсэн тоглолтын үеэр оновчтой  дамжуулалтынхаа тоог 27-д хүргэснээр 21-р зуунд (2019/20 оны улиралд) тогтоосон “Тампа Бэй Лайтнинг” багийн орос довтлогч Никита Кучеровын амжилтыг давтлаа. Хамгийн олон удаа оновчтой дамжуулалт өгсөн амжилтыг 1987/88 оны улиралд “Эдмонтон Ойлерс”-ын төлөө 31 оновчтой дамжуулалт өгсөн Канадын хоккейчин Уэйн Гретцки эзэмшдэг. 


“Эдмонтон Ойлерс”-ын тоглогч Эван Бушард хамгаалагчдын дундаас хамгийн олон оновчтой дамжуулалт өгснөөр 21-р зууны дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр “Флорида”-гийн эсрэг хийсэн тоглолтод 22 дахь оновчтой дамжуулалтыг хийж, 2021/22 оны улиралд “Колорадо Эвенланш” багийн канад хамгаалагч Кэйл Макарын тогтоосон амжилтыг давсан байна.


Багуудын дараагийн хоёр тоглолт Эдмонтонд болно. 

Related news