ХӨВСГӨЛ: Чандмань-Өндөр суманд Монголын хамгийн том чулуун Соёмбо бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс баруун урагш 18 км зайд, Цэгэрийн голын хойд Балжирлхүндэв уулын нар ээсэн энгэрт өндөр нь 56
метр, өргөн нь 21 метр гурван өнгийн чулуугаар бүтээсэн Монголын хамгийн том
чулуун Соёмбо бий.
Одоогоос 300 орчим жилийн тэртээ Аригийн хүрээнд сууж, лам болоод хожим өөрийн дуган бүтээж, олон шавьтай болсон нутаг усандаа улаан Дүвчин хэмээн хүндлэгдэж явсан Цэнд-Аюуш буюу Аюуш лам шавь нарынхаа хамтаар бүтээжээ.
Соёмбыг Норовбадраа буюу Чандмань хүрээнд байрлуулж, гадна хэсгийг улаан, хөх чулуугаар доторх хэсгийг Аригийн голын цагаан чулууг газарт шигтгэн хийжээ. Чулууг үхэр тэргээр зөөсөн гэдэг.
Улаан Дүвчин Аюуш лам Соёмбын ойролцоо дугандаа шавь нарын хамт ном хурж буян үйлдэж байсан бөгөөд түүнийг насан өөд болоход шавь нар нь Соёмбын доод талд бунхалсан гэсэн яриа нутгийн иргэдийн дунд байдаг .
Сүүлийн үед гадаад, дотоодын аялагч иргэд тус Соёмбыг зорин очиж үздэг
болсон юм.