БАЯНХОНГОР: 20 мянган цэцэг тарьж хотын үзэмжийг нэмж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-12 11:33:16

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн ногоон байгууламж, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд үрээр болон үрсэлгээгээр 20 мянган цэцэг суулгахаар төлөвлөжээ.


Ихэвчлэн төв зам дагуух цэцгийн мандлууд болон төв талбайд нэг наст цэцгийн үрсэлгээг шилжүүлэн суулгаж байгаа бол бусад газарт үрээр тарьж байна.


Баянхонгор аймгийн "Хот тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ажилчид энэ сарын 11-ний өдрөөс нийтийн эзэмшлийн талбайн цэцгийн мандлуудад биеэ даасан нэг наст цэцгийн үрсэлгээг шилжүүлэн суулгаж эхэлжээ. Одоогоор хун цэцэг дөрвөн өнгө, хүмээс, зөгийн үүр, энхэлгэнэ, хумсан цэцэг, хилэн зэрэг зургаан төрлийн цэцгийг суулгаад байгаа аж.


Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрсхүчлийн хийг багасгаж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэн, тоосжилтыг дарж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайд тарьсан цэцгийг санаатайгаар тасдах, ногоон байгууламж руу орж эвдэж сүйтгэхгүй байхыг "Баянхонгор Тохижилт үйлчилгээ"-нийхэн анхаарууллаа.

Related news