Йеменд оршуулгын ёслолын үеэр 140 хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭСАНАА. /Xinhua/. Йемений нийслэл Санаа хотод бямба гарагт оршуулгын ёслолын үеэр агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 140 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархаджээ.
Засгийн газраа эсэргүүцэгчдийн бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнийг оршуулах ёслолын үеэр агаараас цохилт өгсөн байна.
Бөмбөгдөлтөнд томоохон барилга нурж сүйрсэн нь дүрс бичлэгээс харагдаж байна.
Йеменд Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади-г дэмжигч болон засгийн газраа эсэргүүцэгчдийн хүчнийхний хооронд ширүүн байлдаан өрнөж байгаа билээ.
Хадигийн засгийн газрыг дэмжигч Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчнийхэн босогчдын эсрэг агаараас цохилт өгөх ажиллагаа явуулсаар байна. Босогчид нь нийслэл Санаа хотыг хяналтандаа аваад байгаа юм.
Бямба гарагт эвслийн хүчнийхэн агаараас цохилт өгсөн гэж засгийн газраа эсэргүүцэгчид мэдэгдсэнийг эвслийнхэн эрс үгүйсгэн няцааж байна.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдсэнээр, агаарын цохилтын үеэр 140 хүн амь үрэгдэж, 525 хүн шархаджээ.
Энхийн хэлэлцээ өнгөрсөн наймдугаар сард тасалдсанаас хойш байлдааны ажиллагаа эрчимжжээ.
Гал зогсоох хэлэлцээр байгуулж, энхийн хэлэлцээг үргэлжлүүлэн хийхийн тулд НҮБ-ын төлөөлөгч хоёр талын төлөөлөгчидтэй яриа хэлцээ хийж байгаа аж.
Г.Доржханд