Газын зурваст "тактикийн завсарлага" авч байгаагаа Израилын арми мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-17 09:16:32

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 17 /euronews/. Израилын батлан хамгаалах хүчин палестинчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаанд “тактикийн завсарлага” авч байгаагаа мэдэгдлээ. 


Тодруулбал, Газын зурвасын өмнөд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг өдрийн цагаар түр зогсоох ажээ. Палестинчуудад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “тактикийн завсарлага авах” шийдвэрийг гаргасан байна.


Израилын тал НҮБ болон бусад олон улсын байгууллагатай зөвлөлдсөний дараа ийм алхам хийжээ. Тус улсын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд дурдсанаар, дараагийн мэдэгдлийг гаргах хүртэл өдөр бүр түр гал зогсооно.


Өглөөний 8 цагаас оройн 19 цаг хүртэл байлдааны ажиллагааг түр зогсоосноор хоол хүнс болон бусад тусламжийг ачсан ачааны машинууд Керем-Шалом шалган нэвтрүүлэх цэгт хүрснийхээ дараа Салах ад-Диний хурдны зам, мөн Газын зурвасын хойд хэсэгт аюулгүй явж хүрэх ёстой. Израилын Батлан хамгаалах хүчин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгээ мэдэгджээ.


Израилын цэргүүд Рафах руу дайрснаас хойш Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тус улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байгаа юм.


“Тактикийн завсарлага авах” шийдвэрийг Израилын бүх улстөрч бүгд зөвшөөрөөгүй байна. Уг шийдвэрийг хэт барууны үзэлтэй, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир эрс шүүмжилжээ. Улмаар Израилын батлан хамгаалах хүчин гал түр зогсоосон нь Рафах дахь ажиллагааг зогсоосон гэсэн үг биш гэдгийг мэдэгдсэн байна.

Related news