Дэлхийд анхны натри хөргүүртэй реакторыг Б.Гейтсийн компани барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-06-17 16:15:04

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 17 /unian/. Америкийн тэрбумтан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан “ТерраПауэр” компани дэлхийд анхных болох натри хөргүүртэй цөмийн реакторыг барих ажлыг эхлүүлжээ. Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр АНУ цөмийн эрчим хүчний салбарт манлайлна гэж тэрбээр үзэж байна. 


“Натриум” хэмээн нэрлэсэн уг реактор нь АНУ-ын Вайоминг муж улсын Кеммерер хотод байрлах бөгөөд ашиглалтад оруулсны дараа бүрэн ажиллагаатай арилжааны цахилгаан станц болох ажээ. Гейтсийн хэлснээр, “Натриум” нь "дэлхийн хамгийн дэвшилтэт, хамгийн аюулгүй цөмийн байгууламж" байх агаад өнөөдөр ашиглаж байгаа реакторуудаас хэд дахин бага хаягдал ялгаруулна. 


Уг станцыг "Науттон" гэдэг хааж буй нүүрсний цахилгаан станцын ойролцоо барих бөгөөд нүүрсний эрчим хүчнээс цөмийн эрчим хүч рүү шилжихээр хэрэгжүүлж буй дэлхийн цорын ганц төсөл юм.


Эрчим хүч үйлдвэрлэдэг уурын турбин болон бусад төхөөрөмжийг байрлуулах “эрчим хүчний арал” дээрх барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх ажээ. "Натриум" атомын цахилгаан станцыг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. АНУ-ын цөмийн салбарын үйл ажиллагааг зохицуулах хороо тус компанийн барилгын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж байх хооронд станцын цөмийн бус хэсгүүдийг эхлээд барих аж. Зохицуулах хороо компанийн хүсэлтийг өнгөрсөн сард хүлээн авчээ. 


Натри хөргүүртэй реакторын хөргүүрийн материалд усны оронд натриг ашигладаг. Ингэснээр одоогийн ажиллаж байгаа реакторуудаас илүү бага даралтад, өндөр температурт ажиллах боломж олгодог бөгөөд системийн аюулгүй байдал болон үр ашгийг нэмэгдүүлдэг байна. 

Related news