Б.Нетаньяху онц байдлын засгийн газрыг тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-18 10:22:42

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 18 /DW/. ХАМАС бүлэглэлийнхэн Израилын өмнөд нутаг руу гэнэтийн дайралт хийсний дараахан байгуулсан онц байдлын засгийн газрыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тараажээ. Энэ тухай сөрөг хүчний удирдагчдын нэг Бенни Ганц онц байдлын засгийн газрын бүрэлдэхүүнээс гарснаас хэд хоногийн дараа буюу зургаадугаар сарын 17-ны даваа гарагт мэдэгдлээ.


Б.Нетаньяхугийн байгуулсан уг танхим нь Газын зурвас дахь цэргийн ажиллагааны талаар чухал шийдвэрүүдийг гаргаж байлаа. Энэхүү байгууллагыг ХАМАС бүлэглэлийн халдлагын дараа Израилын эв нэгдлийг харуулах зорилгоор байгуулсан юм.


“Israel Hayom” сонинд мэдээлснээр, Ерөнхий сайд Б.Нетаньяху аюулгүй байдлын асуудал хариуцсан уг танхимын зургаадугаар сарын 16-ны өдөр болсон хуралдааны үеэр мэдэгдэхдээ, онц байдлын засгийн газар байгуулах бол "Ганцын хүсэлтээр Ганцтай хийсэн эвслийн гэрээний нэг хэсэг байсан. Ганц кабинетын бүрэлдэхүүнээс гарснаар дахиж ийм танхим байх боломжгүй" гэжээ. Б.Нетаньяху Израилын үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Б.Ганцын оронд өөрийг нь нэн даруй томилох хүсэлтийн хариуд эл мэдэгдлийг хийсэн байна. 


Зургаадугаар сарын 9-нд Б.Ганц эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнээс өөрийн төвч үзэлт намаа гаргаж байгааг мэдэгдэж, Ерөнхий сайд Б.Нетаньяхуг ээлжит бус сонгууль явуулах өдрийг товлохыг уриалсан юм. Б.Ганцын нам эвслийн засгийн газраас гарсны дараа Б.Нетаньяхугийн эвсэл 120 суудалтай Кнессетийн (парламент) 64 суудлын дийлэнхийг эзэлсэн хэвээр байна. Б.Ганц сонгуулийг намар явуулахын тулд парламентыг тараахыг засгийн газарт дөрөвдүгээр сарын 3-нд уриалж байсан бол Б.Нетаньяхуг зургаадугаар сарын 8 гэхэд Газын зурваст дайны дараа хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулахгүй бол онц байдлын засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэдгээ тавдугаар сарын 18-нд мэдэгдэж байв.

Related news