ӨМНӨГОВЬ: “Эртэч Даланзадгад” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-19 08:04:03

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЗДТГ-аас хоёр дахь жилдээ “Эртэч Даланзадгад” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.


Орон нутгийн иргэдийг зүрх судасны өвчнөөс сэргийлэх, чихрийн шижин, даралт ихсэх, нойргүйдэл стрессээс ангижруулах зорилгоор Монголын нийтийн бүжгийн Өмнөговь аймгийн салбар зөвлөл, “Уран хэмнэл” бүжгийн клубийн хамт олонтой хамтран эрүүл мэндийн дасгал, шугаман бүжгийн сургалтыг эхлүүлжээ.


Сургалт долоо хоногийн ажлын таван өдөр 7:30-8:30 цагийн хооронд Даланзадгад сумын “Ажнай” талбайд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.


Бүжгийн хичээлийг 2024 оны зургаадугаар сарын 5-наас эхэлсэн бөгөөд долоодугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулах юм. Хөтөлбөрт тогтмол 140-150 гаруй иргэн хамрагдаж, дасгал хөдөлгөөн хийж шугаман бүжиг сурч байна.


Монголын нийтийн бүжгийн ТББ-ын гишүүн Д.Гантулга:

-Энэ хөтөлбөр их үр дүнтэй. Хүн эрт босч дасгал хөдөлгөөн хийх ялангуяа шугаман бүжиг сурах нь хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрх судас, үе мөчний өвчин гээд олон зүйлсээс хамгаалдаг. Тиймээс дасгал хөдөлгөөнийг өөрийн дадал хэвшил болгож хэвшүүлэх хэрэгтэй. Манай Даланзадгад сум арван багтай.

Энэ хөтөлбөрийг улам өргөжүүлж бүх багийн төвүүдэд шугаман бүжгээ заахыг зорин ажиллаж байна. Бүжиг сурч байгаа иргэд улам л нэмэгдэж идэвхтэй хамрагдаж байгаа. Үе мөч өвдөхөө байсан, бие их хөнгөрч байна, биед нь олон эерэг өөрчлөлтүүд гарлаа гэж ярьж байна. Энэ нь үйл ажиллагааны үр дүн юм.

 

 

 

Related news