ӨМНӨГОВЬ: "Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-18 19:52:06

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд, “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ыг баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлэн, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлнэ. Харин 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий ой хамгаалах зурвас 100-г байгуулах, 240 мянган га талбайг бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайн заган ойг байгалиараа ургах  нөхцөлийг дэмжих, Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропарк байгуулах зэрэг дөрвөн чиглэлд зорин ажиллах юм.


Түүнчлэн Өмнөговь аймагт “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам"-ыг гарган ИТХ-аас мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр тус аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгох юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.

Өмнөговь аймагт 2023 онд 16 мод үржүүлгийн газар ажиллаж, 2.9 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

 

Related news