БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатар хотын сурагчид орон нутгийн хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-21 13:54:16

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд хичээл зааж байна.


Дээрх сургалтыг "Улаанбаатар Элит" сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид 2019 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа "Spark төсөл"-ийн хүрээнд орон нутгийн сурагчдын зуны амралтыг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.


Төслийн эхний шатанд орон нутгийн 8-11 дүгээр ангийн сурагчдад эсээ бичүүлж, шалгарсан 110 сурагчийг сонгон авчээ. Тэдэнд Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр долоо хоногийн хугацаанд англи хэл, дүрслэх урлаг, бизнес, коллежийн хичээл, хувь хүний хөгжлийн чиглэлээр хичээл заалаа.


"Spark” хөтөлбөр нь сурагчдад "Улаанбаатар Элит" сургуулиас олж авсан мэдлэгээ орон нутгийн сурагчидтай хуваалцах боломж олгодог байна. Тухайн үйл ажиллагааны бүх зардлыг хүүхдүүд өөрсдөө хариуцдаг ба зарим ивээн тэтгэгч байгууллагууд дэмжлэг үзүүлдэг байна.


"Бид энэ жил төсөлдөө Баян-Өлгий, Архангай аймаг болон Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хүүхдүүдийг хамруулж байгаа. Хичээлээ энэ сарын 17-ны өдөр эхэлсэн. Маргааш ажлаа дуусгаж, хаалтын үйл ажиллагаагаа хийнэ. Миний хувьд англи хэлний хичээл зааж байгаа. Англи хэлний ярианы, бичгийн, дүрмийн хичээл зааж мэдлэгээ орон нутгийн найз нартайгаа хуваалцаж байна" хэмээн "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагч Б.Ирмүүн хэлэв. 

Related news