Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолд 1500 гаруй алба хаагч жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2024-07-02 13:44:50

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааны нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа нисэх буудлын талбайд үргэлжилж байна.


Энэхүү цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч жагсахаар сар гаруй хугацаанд хүн нэг бүр, байгууллага, нэгдсэн гэсэн шатлалаар бэлтгэлээ ийнхүү хангаж байгаа юм.

ЗХЖШ-ын I орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, “Энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын төлөөлөл 22 хайрцаг болж ёслолын жагсаалд оролцоно. Эдгээр байгууллага бэлтгэлдээ маш идэвхтэй хамрагдаж байна. Ихэнх нь өмнө парадад оролцож байсан бүрэлдэхүүн учир зохион байгуулалт, жагсаалын жигдрэлт сайн байгааг зориуд онцлон хэлье. Бид Монгол Улсын ЕТГ-тай зөвшилцсөний дагуу тэгш ойн жил техниктэй, таван жил тутамд явган цэргийн өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийж байхаар тогтсон. Энэ жил хураангуй буюу зөвхөн явган болон морьт цэрэг оролцсон ёслолын жагсаал хийхээр бэлтгэж байна. Мөн манай морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, Бүгд найрамдах Монгол ард Улсын төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залж, нийслэлийн иргэд, хуран чуулсан зочид гийчдэд сонирхуулах болно” хэмээв.


Нийслэлийнхэн ялангуяа хүүхэд залуусын хүсэн хүлээдэг шөнийн парадын бэлтгэл жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 3-ны өдрөөс эхэлнэ.




Related news