ДУНДГОВЬ: 100 жилийн түүхтэй Дэрэн сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-02 16:29:23
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн сум аймгийн төвөөс зүүн хойш 68 км, Улаанбаатар хотоос урагш 210 км-т оршдог. Тус сум түүхэн 100 жилийн ойгоо 7 дугаар сарын 22-25-ний өдрүүдэд тэмдэглэхээр бэлтгэл хангаж байна.


Одоогийн Дэрэн сумын нутаг 1687 оны үед тухайн үеийн засаг захиргааны нэгж болох Түшээтхан аймгийн Дайчин бэйсийн хошууны нутагт харьяалагдаж байжээ.


1923 оны 3 дугаар сарын 23-нд Ардын Засгийн газраас 116 хошууг ард олны саналын үндсэн дээр сайн мэдэх уул, газар усны нэрээр нэрлэх болсноор Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг, Дайчин бэйсийн хошууг Дэлгэрцогт уулын хошуу хэмээн нэрийджээ. Шинэчилсэн зохион байгуулалтаар Дэрэн сум Дэлгэрцогт уулын хошууны нутаг дэвсгэрт харьяалж, 1924 онд өнөөгийн Дэрэн сумыг байгуулсан түүхтэй.  


1933 оны тоо бүртгэлийн баримтаар тус сум 7 багтай, 432 өрхийн 2047 хүн амтай байсан ба 53,6 мянган толгой мал тоолуулсан байдаг.


1939 онд сумын анхны бага сургуулийг нээж, тус сургуулиас Монгол ардын болон гавьяат багш Д.Төмөр, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Чимэддорж, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун, гавьяат сэтгүүлч Цэрэннадмид, Ц.Ганболд, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан нарын олон алдартан төржээ.


Тус сум бол дуу хуурын өлгий Дундговь аймгийн нэрийг төдийгүй Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан алдарт дуучны өлгий нутаг билээ. Тус сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, түүний багш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн нарын алдартнууд төрөн гарчээ. 


100 жилийн түүхтэй тус сум өнөөдөр 638 өрхийн 2087 хүн амтай. Түүнээс хөдөлмөрийн насны 1119, 96 төрийн албан хаагч, сургууль, цэцэрлэгийн 255 хүүхэд байна. 455 малчин өрхтэй, 269,5 мянган мал тоолуулжээ. 








Related news