Бутан - “Аянгат луу”-гийн амар амгалан орон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-07-14 10:46:00

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дайн дажин, өлсгөлөн гуйланчлал гэж үгүй, орон гэргүй гэсэн ойлголтыг халсан, амьтны амь таслахыг цээрлэгч цагаан хоолтнууд аж төрдөг, ард иргэд нь нийтээрээ архи тамхи хэрэглэдэггүй, бусдыг залилан мэхэлдэггүй, гэмт хэрэг гардаггүй, мод огтлохыг хориглож, зөвхөн тарьж ургуулдаг нэгэн улс орон энэ дэлхий дээр оршин байдаг ажгуу. 


Энэ бол Гималайн их уулсын зүүн бэлд Энэтхэг, Хятадын дунд, Балба ба Бангладештай хил залган орших далайд гарцгүй Бутаны Хаант улс юм. “Бутан” гэдэг нь “Аянгат луугийн орон” гэсэн утгатай, Гималайн нурууны догшин салхинаас үүдэлтэй нэр ажээ.


Нөгөөтээгүүр, уг нэр Bhotaant («Bhot» — Төвөдийг энэтхэгчүүд ингэж нэрлэдэг) гэдэг санскрит үгээс гаралтай, мөн Bhu-uttan (өндөрлөг газар) гэдэг үгээс гаралтай байж магадгүй хэмээн янз бүрээр тайлбарладаг. Бутанчууд улс орноо Друк-Юл /аянгат луугийн нутаг/ гэж нэрлэсээр ирсэн бол 19 дүгээр зуунд Бутан гэдэг албан ёсны нэршилтэй болжээ.


Энэ нутагт МЭӨ 2000 онд хүмүүс суурьшин амьдарч байсныг археологийн судалгаагаар баталдаг боловч эрт цагийн амьдралыг өгүүлэх бичгийн эх сурвалж бараг үгүй. Түүхийн зарим үед хамаарах баримтууд байдаггүй нь 1827 онд Бутаны тухайн үеийн нийслэл Пунаха хотын номын сан гал түймэрт шатаж сүйрсэнтэй холбоотой.


Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, тархай бутархай олон жижиг овог аймгаас бүрдэж байсныг 1616 онд Төвөдийн лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны үндэс суурь тавигджээ. Агваан Намжил 1654 онд өөд болсноос хойш дотоодын тэмцэл өрнөж, хөрш улсуудын харьяанд орж гарч явсаар 1910 онд Их Британийн холбоотон болсноор тусгаар тогтносон гэж Википедиа нэвтэрхий тольд өгүүлжээ.


Харин Бутаны нэн шинэ түүхийн хуудсуудыг сөхвөөс, 1947 онд Энэтхэг улс тусгаар тогнолоо зарласантай зэрэгцээд Бутан ч мөн адил тусгаар улс болжээ. Гэвч тус улс НҮБ ба бусад олон улсын байгууллагад элсэн орох боломжгүй байлаа. Учир нь, дэлхийн хамтын нийгэмлэг Бутаныг “Энэтхэгийн доминион буюу нөлөөний улс” гэсэн эндүү ташаа ойлголттой байв. 1952 онд төрийн тэргүүнээр сонгогдсон тус улсын гурав дахь хаан Жигме Дорж Ванчук улс орноо аажмаар шинэчлэх, хууль эрх зүйн хувьд олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-д элсүүлэхийн тулд тууштай тэмцэж байсны ачаар Бутаны Хаант улс 1971 онд дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Өдгөө тус улс ДЭМБ, ЮНЕСКО, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын 45 байгууллагад элсээд байна.


Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс жил тутам нийтэлдэг “Дэлхийн энх тайвны индекс”-т /Global Peace Index/ тусгаснаар бол Бутан нь хамгийн амгалан тайван 15 улсын нэг ажээ.


Үндсэн хуульт хаант засаглал бүхий энэ улсын төрийн тэргүүн нь хаан бөгөөд түүний дараа орох эрх мэдэлтэн бол Их ламтан юм. Сайд нарын танхим болох Хааны Зөвлөлдөх зөвлөл нь гүйцэтгэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг бол нэг танхимтай Үндэсний хурал нь хууль тогтоох дээд байгууллага ажээ.

 

 “Чанартай жуулчид”-ыг нэвтрүүлдэг чанга хатуу журам  


Бутанчууд бол маш найрсаг зочломтгой хүмүүс бөгөөд орчин цагийн соёл иргэншлийн сөрөг нөлөөнд автаагүй, өвөрмөц соёл уламжлалаа нандигнан дээдэлдэг ард түмэн юм.


Ердөө 38,5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийнх нь /Сэлэнгэ аймгийнхтай ойролцоо/ 70 гаруй хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд хүний хөл хүрээгүй нууцлаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон газар орон ихтэй, ургамал, амьтны гайхамшигт ертөнцөөр аялуулах дархан цаазат газар олонтой.


Төр засгийн бүтэц, иргэдийнх нь амьдралын хэвшил нь аль ч улсынхтай адилгүй нууцлаг хаалттай энэ улс 1974 оноос л жуулчдыг нэвтрүүлж эхэлсэн бол иргэд нь 1999 оноос хойш телевиз үзэх болсон гэнэ. Өнөөгийн Бутан орон жуулчдад нээлттэй болсон хэдий ч тэд маш олон бичиг баримтыг бөглөж, халаасандаа багагүй мөнгөтэй гэдгээ нотолсныхоо дараа тус улсын нутагт хөл тавина. Өөрөөр хэлбэл, хямд төсөр зардлаар аялах сонирхолтой үүргэвчтэй хүмүүст Бутаны хил хаалттай гэсэн үг.

Аялагчид зөвхөн аялал жуулчлалын тусгай компаниар үйлчлүүлж, бүх баримт бичиг, виз, нислэгийн зардал, зочид буудал, даатгалын төлбөрөө урьдчилан төлнө. Тодруулбал, Энэтхэгээс бусад орны жуулчид Бутанд нэг хоногт хамгийн багаар тооцоход 250 ам.доллар зарцуулах ёстой бөгөөд аяллын компаниас гаргаж өгдөг тусгай автомашинаар, хөтчийн хамтаар аялах ёстой. Үүн дээр экологийн тогтвортой хөгжлийн хураамж /Sustainable Development Fee, SDF/ төлөх ёстой бөгөөд хэмжээ нь өдрийн 100 ам.доллар /Энэтхэгийн иргэдэд хамаарахгүй/.


Хураамжаар цугларсан мөнгийг Бутаны уламжлал соёлыг хадгалан үлдэх, тогтвортой хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх, дэд бүтцийг шинэчлэх, залуучуудад сурч хөгжих боломжийг олгох, бүх иргэнд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэ төлбөргүй олгоход зарцуулдаг байна. Энэ бүхэн бол онгон дагшин байгаль, хүн ардынхаа оюун санааг орчин цагийн соёл иргэншлийн сөрөг нөлөөнд автуулахгүй байх, үндэсний соёлын ба шашны уламжлалаа хадгалан үлдэхийн тулд авч буй арга хэмжээ юм.

Ганцхан жишээ дурдахад, Бутанд 1983 оноос хойш ууланд авирахыг бүрмөсөн хориглосны учир нь “уул бол бурхдын гэр орон” гэж үздэгтэй холбоотой гэнэ. Иймээс дэлхийд 40-д орох 7570 м өндөр Канкар-Пунсум гэдэг уулын оргилд өнөөг хүртэл хэн ч гараагүй байна.


2022 онд Бутанд 115 мянган жуулчин ирсэн бол ойрын жилүүдэд энэ тоог бууруулахгүй, гэхдээ хэт өсгөхгүй байх бодлогыг баримталж байгаа ажээ. Ер нь, Бутанаар аялах нь өртөг өндөртэй. Баримжаагаар бол приус машины үнэд хүрнэ хэмээн нэгэн монгол жуулчин ярьж байхыг сонсож билээ. Үзэж харах юм үнэхээр ихтэй газар гэнэ.


Ташрамд нэгэн зүйлийг сонирхуулахад,  жуулчдыг хүлээн авдаг Бутаны “Паро” олон улсын нисэх онгоцны буудал бол дэлхий дээрх хамгийн эрсдэл ихтэй буудал юм. Тус улсын “Druk Air” компанийн нисэх онгоц дэлхийн ноён оргил Эверестийн чанх хажуугаар нисэн өнгөрөөд доошлохдоо өндөр уулсын дундуур сүлжин, хүчтэй салхи сөрсөөр хоёр уулын дундах хавцалд /2244 мбайрлах/ 2-хон км урттай хөөрч буух зурваст зөвхөн өдрийн цагаар газардана. Ийм ярвигтай үйлдлийг гүйцэтгэж чадах туршлагатай нисгэгч дэлхий дээр ердөө 20 орчим байдаг гэнэ.

Бутанд очсон жуулчдын зөвлөснөөр, Дели хотоос Паро руу нисэхдээ зүүн гар талд, буцахдаа баруун талын суудалд суух хэрэгтэй гэнэ. Ингэснээр дэлхийн гайхамшгууд болох Эверест зэрэг 8 мянган м-ээс дээш өндөртэй Гималайн ноён оргилуудыг харах боломжтой. Түүнээс гадна, Бутаны баруунаас зүүн хязгаар хүртэлх бартаа ихтэй замыг явганаар 20 хоног, автомашинаар 20 цагт туулдаг бол орон нутгийн нислэг үйлддэг болсноор энэ хугацаа ердөө 20-хон минут болжээ.

 

Аз жаргалыг алт мөнгөөр хэмждэггүй ард түмэн


Өнөөдөр Бутан улсыг тав дахь хаан захирч байна. Хэдэн зуу, мянган жилийн түүхтэй орон хэрнээ тавхан эзэн хаан бие биенээ залгамжилсан гэж үү хэмээн та гайхаж магадгүй.


Учрыг тайлбарлаваас, 1963 онд одоогийн хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн өвөг эцэг нь Махаражаас хойших бүх хааны цолыг Друк Гьялпо буюу Луугийн хаан болгон өөрчилснөөр хаадын төр барьсан он тооллыг шинээр эхлүүлжээ. Хааны эцэг болох Жигмэ Сэнгээ Ванчук дөнгөж 51 насандаа хаан титмээсээ сайн дураараа татгалзсанаар хүү Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2008 онд хаан ширээнд заларсан байна. Дэлхий дээрх хамгийн залуу хаан болох тэрбээр өндөр боловсролтой. Тэрбээр АНУ, Их Британийн коллежид суралцаж, Оксфордын их сургуульд улс төр судлалын ухаанаар эрдмийн зэрэг хамгаалжээ.



Бутаны ард иргэд залуу хаанаа үнэн сэтгэлээсээ хүндэтгэн хайрлаж, хүрээлэн дэмждэг. Хаантан 2011 онд жирийн айлд төрж өссөн бүсгүйтэй гэрлэсэн. Тэдний хуримын ёслолыг орон даяар телевизээр шууд дамжуулан үзүүлсэн нь Их Британийн хааныг ширээнд нь залах ёслолтой дүйцэхээр сүр жавхлантай үйл явдал байв.


Залуу хаан бол Бутаны төрт ёс, иргэний төр ба шашны төрийн нэгдмэл байдлыг илэрхийлэгч бэлгэ тэмдэг учраас жирийн бутанчуудын хайр хүндэтгэлийг үргэлж хүлээж байдаг.  


Бутан бол тантри буддизмыг албан ёсны шашнаар өргөмжилсөн цорын ганц улс юм. Иймээс Бутаны Засгийн газрын гол зорилт бол иргэн бүрээ аз жаргалтай амьдруулах явдал бөгөөд үүнийг Үндсэн хуулийн есдүгээр бүлэгт баталгаажуулан тусгажээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшнийг тоогоор илэрхийлдэг Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэдэг ойлголт Бутан улсад үгүй. Үүний оронд бүр 1972 онд дөрөв дэх хаан Жигмэ Сэнгээ Ванчук амьдралын чанарыг хэмжих “Үндэсний нийт аз жаргал”-ын хэмжүүрийг анх бий болгосон байна. Тодорхой хэлбэл, бутанчууд материаллаг эд баялгийг бус харин ёс суртахууны ба оюун санааны үнэт зүйлсийг шүтэн дээдэлдэг бөгөөд амьдралын чанар нь материаллаг ба оюун санааны үнэт зүйлсийн хоорондох тэнцвэрээр тодорхойлогддог гэсэн үг. Үүний тулд “Үндэсний аз жаргалын индекс” гэдэг үзүүлэлтийг нийт 33 шалгуураар тодорхойлдог. Түүнчлэн аз жаргалын тухай онолыг судлан дэлгэрүүлэхийн тулд засгийн газрын бүрэлдэхүүнд Нийт үндэстний аз жаргалын департамент гэдгийг байгуулжээ. Үүнийг гадаадынхан Аз жаргалын яам гэж нэрлэх нь бий. Түүнчлэн хүн ардын аз жаргалын үзүүлэлтийг дээшлүүлэхэд чиглэсэн хамгийн оновчтой арга замуудыг судлах үүрэгтэй тусгай хүрээлэнг хүртэл байгуулжээ. Тэр ч бүү хэл, хүн амын тооллогын хуудсан дээр “Та амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг вэ” гэсэн асуулт бий.


Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Бутанд орон гэргүй ядуус огт байдаггүй. Хэрвээ хэн нэгэн иргэн газаргүй болсон бол шууд Хаанд хандсанаар түүнд байшин барих, цагаан будаа тарьж ургуулахад хүрэлцэхүйц хэмжээний газрыг олгодог байна. Ийм учраас өлсгөлөн, гэмт хэрэг гэсэн ойлголт огт үгүй. Буддын шашинт орон тул амьтны амь таслахыг цээрлэж, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд залбирдаг тул ан хийх, загас барихыг хүртэл хориглосон байна.



“Нийт үндэстний аз жаргал” гэсэн ойлголт нь үндсэн 4 зарчимд суурилдаг. Үүнд:


- Байгаль дэлхий, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах. Тус улсад байгаль орчныг бохирдуулдаг үйлдвэрүүд байхгүй. Гадаадаас химийн бодис, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн импортлох, мод тайрахыг бүрэн хориглох ба тарьж ургуулахыг хөхиүлэн дэмжинэ. 2015 онд бутанчууд ганцхан цагийн дотор 50 мянган ширхэг мод суулгаж, дэлхийн дээд амжилт тогтоож байсан нь үүний тод жишээ юм.


-Соёлын ба оюун санааны өвийг хадгалах, хамгаалах. Бутанчууд бүгдээрээ үндэсний хувцсаа өмсөж, үндэсний хоолоо идэх тул барууны орнуудын сүлжээ ресторан огт байхгүй.


-Улс орныг уялдуулан зохицуулах бодлогоор тууштай удирдаж чадах шударга ёсыг эрхэмлэгч засгийн газар. Бутанд авлига гэсэн ойлголт үгүй бөгөөд хаан нь саяхан ордноосоо гарч жижигхэн байшинд суух болжээ. 


-Нийгэм, эдийн засгийн хөгжлийн өгөөжийг иргэн бүхэнд жигд хүртээх. Бутанд боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй.


Бутанд эмэгтэйчүүдийг машид хүндлэн хайрладгийн жишээ бол, тухайн гэр бүлийн бүх хөрөнгийг /мал, газар/  эрэгтэй хүүхдэд бус харин айлын том охинд өвлүүлэн үлдээдэг явдал юм.


Үндэсний хувцас, шашин, ёс заншил, хэл яриа, хаант засаглал, хачирхмаар дүрэм журам нь өнөө үеийн хамгийн өвөрмөц сонин нууцлаг ертөнцийг бий болгосноор орон орны аянчин гийчдийн анхаарлыг улам бүр татсаар. Азийн орнуудаас тэс ондоо Бутан улс тогтвортой хөгжил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх тал дээр дэлхий дахинд бодит үлгэр жишээ болж байна. Хатуу чанд дүрэм журамтай хэдий ч энэ улсад аз жаргалтай, инээд хөөрөөр бялхсан хүмүүс сэтгэл хангалуун амьдардаг болой.

Б.Адъяахүү 

Related news