Ээрмэл, сүлжмэлийн чиглэлээр эрэгтэйчүүд суралцах болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-03 16:55:01

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдөр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 76 төвд 30 мянга гаруй мэргэжлийн ажилчин, ажилтан бэлтгэн гаргаж байна. Тэдгээрийн нэгэнд Монгол-Солонгосын политехник коллеж орж байна.


Тус коллежийн бусдаас ялгарах гол онцлог нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргаж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоо манай улсад зах зээлд шилжсэн 1990-ээд оноос тасарч ирсэн. Тэгвэл одоо хөнгөн үйлдвэрийн салбарт мэргэжлийн болон техникийн боловсрол олгох ажил сэргэжээ.



Тухайлбал, Монгол-Солонгосын политехник коллеж хувцасны дизайн, ноос, эсгий боловсруулах, арьс шир, үслэг эдлэлийн болон оёмол үйлдвэрлэл, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэлийн технологи, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээгээр мэргэжилтэн бэлтгэж байна. Эдгээр нь Засгийн газраас зарласан тэргүүлэх 15 мэргэжил, зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа 32 мэргэжилд орж буйг Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл ярилаа.

Тус коллежийн багш, удирдлага “Мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ ба сургалт” сэдвээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзсан юм.


Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хөнгөн үйлдвэрлэл, авто тээвэр, мэдээллийн технологи, уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын 140 гаруй байгууллага, ААН-тай түншлэлд суурилсан хамтын ажиллагаа өрнүүлэн суралцагчдыг дадлага хийлгэж, ажлын байраар ханган ажиллаж байна гэв.

Нийгэм, зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн дагуу сургалтын хөтөлбөрөө шинэчлэх шаардлага гардаг. Жишээ нь, машин механизм дээр цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт шилжиж буйтай холбоотойгоор сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгааг тэрээр дурдаж байлаа.



Монгол-Солонгосын политехник коллежийн ээрмэлийн үйлдвэрлэлийн мэргэжлийн багш С.Дэсмаа, сүүлийн жилүүдэд мэргэжлийн онцлог, эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор ээрмэл, сүлжмэлийн чиглэлээр суралцах эрэгтэй сурагчдын тоо нэмэгдэж байгааг хэллээ. Жишээ нь, Монгол-Солонгосын политехник коллежид арьс шир боловсруулах чиглэлээр 25 сурагч, ноос, ноолуур, сүлжмэлийн үйлдвэрийн оператор, сүлжигч, кеттельчин мэргэжлээр 100 шахам сурагч суралцаж байгаагийн 40-өөд хувь нь эрэгтэйчүүд байна.

Мэргэжлийн ажилтан бэлтгэн гаргахад хүйсийн ялгаа арилж байгаа. Гол нь улс оронд хэрэгтэй мэргэжлийн ажилтан бэлтгэх нь зах зээлд, эдийн засагт хэрэгтэй байгааг тэрээр тодотгож байна. 



Related news