ӨМНӨГОВЬ: Говь гурван сайхан уулын төрийн их тахилгат хайрхныг тайх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-03 19:51:28

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 7 дугаар сарын 1-ний өдөр боллоо.

 

Төрийн тахилгын ёслолд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянмөнх, аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд, Баяндалай сумын Засаг дарга У.Буян-Өлзий нар оролцжээ.

 


Их тахилгат хайрхныг тайх ёслолыг Өмнөговь аймгийн Маанийн хийдийн лам нар зохион байгуулж, уул ус, лус савдгаа тахин баясгажээ.

 

Ёслолд зориулан хүчит бөхийн барилдааныг насанд хүрэгчид болон өсвөрийн бөхчүүд төрлөөр зохион байгууллаа.

 

Бөхийн барилдаанд Ханбогд сумын харьяат аймгийн нэмэх начин Т.Дашжамц түрүүлж, Номгон сумын харьяат аймгийн заан Ц.Анхбаяр үзүүрлэсэн бол өсвөрийн 32 бөхийн барилдаанд Баяндалай сумын харьяат М.Шагайхүү түрүүлж, Даланзадгад сумын харьяат М.Тэмүүжин үзүүрлэн нутгийн зон олноо баясгажээ.

 


Говь гурван сайхан уулын төрийн их тахилгат хайрхныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар төрийн тахилгатай хайрхан болгож, 5 жилд нэг тахиж байхаар тогтоожээ.

 

Харин энэ жилийн хувьд говь нутагт хур бороо бага, гантай байгаатай холбогдуулан Өмнөговь аймаг, сумын удирдлага, иргэд хамтран хангай дэлхийгээ аргадаж Гурван сайхан хайрхнаа ийнхүү тахиж баясгалаа. 


Говь гурван сайхан уулын төрийн их тахилгат хайрхан болох Хошуу овоо нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт оршдог. Даланзадгад сумаас 50 км зайд оршдог. 


 

Related news