ХОВД: Долоон нуурын Улаан толгойн бичээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-04 10:55:22

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 20 гаруй км зайд Долоон нуурын Улаан толгой гэх газар бий. 

Тус газрын зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээстэй. 


Бичээсийг хар бэхээр бичсэн бөгөөд зарим нь он цагийн уртад байгалийн элэгдлээр бүдгэрэн муудаж, харилцан адилгүй хадгалагдан үлджээ.

Уг гурван бичээсний хоёр нь уйгуржин монгол бичгийн хэлбэртэй боловч эдүгээгийн монголоор уншиж үл болно. Харин гурав дахь хэсэг нь нанхиад хэлбэрийн бичээс юм. 

Мөн нэг бичээсний дээд талд христос шашны загалмай тэмдгийн хэлбэртэй дүрс байдаг нь сонирхолтой. Үүнийг дундад эртний монголын хэрэйд, найман зэрэг айм­гийн дунд христийн шашны урсгал нэвтэрч байсан мэдээ баримттай холбон үзэж болох талтай гэж судлаачид дүгнэжээ.  

Долоон нуурын Улаан толгойн бичээс нь Монгол нутгаас олдсон анхны сири бичгийн дурсгал болж байгаагаараа давуу талтай. 


Энэхүү бичээсийг 1988 онд археологич Д.Баяр, эрдэмтэн В.Е.Войтов нар Ховд аймгийн Мөнххайрхан сумын нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Батсуурийн газарчилснаар анх илрүүлж байжээ. 


Сүүлд 2015 онд Т.Осава, Г.Лхүндэв,  Ш.Сайто, Х.Такахаши нар хятад, сир хоёр бичээсийг тодруулж, бичээсний хэв хуулгыг авч уншиж тайлсан байна. Хятад бичээсийг Юанийн Дадэгийн 1298 оны зургаадугаар сарын 17-нд бичсэн хэмээн үзсэн байна. 

Сири бичээс нь Грекийн тооллоор 1609, манай тооллын 1297 онд холбогдоно. 


"Бичээст гарч буй Гоу тан гэдэг нь Онгуудын несторианы шашинтай Жорж хун тайж. Юань улстай хүч хавсран Хайдугийн бослогыг дарах үед энэ бичгийг бичсэн. Уг дурсгал нь XIII зууны үеийн зам харилцаа хийгээд Юань улсын түүхийг судлахад чухал мэдээ баримт болдог" гэж судлаачид тэмдэглэсэн байна.     

Related news