БНСУ-ын компаниар 1.7 сая ам.долларын хохирлыг төлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-05 09:23:21

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоов.


Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл 6 жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй байв. Аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул Дэлхийн банкнаас тус төслийг зогсоож, Монгол Улсын Засгийн газраас 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн юм. Засгийн газрын “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” өнгөрсөн оны тогтоолоор “Taihan Cable & Solution” компаниар дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэхийг эрх бүхий албан тушаалтнуудад даалгаад байв.



АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсээс Дэлхийн банктай мэдээлэл солилцон, гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай  хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгасан төслийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоосныг АТГ мэдээллээ. 



Related news