Гэр бүлийн хүчирхийллийг багасгах дэвшилтэт систем ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-05 16:15:12

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шийдэх цонхыг шинэчилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн мэдээллийг регистрийн дугаарын сантай холбож, тухайн хүчирхийлэгчийг регистрийн дугаараар нь бүртгэж байна.


Ингэснээр дуудлага мэдээллээр бүртгэгдсэн хүчирхийлэгчийг хаана, хэзээ, ямар хүчирхийлэл үйлдсэн нь системд дэлгэрэнгүй бүртгэгдэж хадгалагдана. Хүчирхийлэл олон давтагдах тусам Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар ял шийтгэл оноодог. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэл нь нотлох баримт болж, тухайн этгээд ял завших боломжгүй, хохирогчийн эрх ашиг хамгаалагдахыг Цагдаагийн ерөнхий газар мэдээлсэн юм.


Тухайн дуудлага мэдээллийг хүлээн авсан алба хаагчид зөрчлийн болон хэргийн газар очсон даруйдаа дуудлагын анхны нөхцөл байдлын зурган мэдээллийг таблет төхөөрөмжөөр авч, ECS программд оруулдаг. Ийнхүү тухайн зөрчлийн материалыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан шүүх дээр тухайн зураг мэдээллийг нотлох баримтаар ашиглах боломжтой. Ингэснээр тухайн холбогдогчийг ял завшуулахаас урьдчилан сэргийлж байгаа.


Өмнө нь гэмт хэргийн давтамжийг гэрийн хаяг, утасны дугаар, овог нэрээр бүртгэж байсан. Энэ үед тухайн хэрэгтэн хаяг, утасны дугаараа солих тохиолдол байсан бол регистрийн дугаараар бүртгэснээр бүртгэл нь хадгалагдаж, түүнд хуулийн  ямар хариуцлага, арга хэмжээ оногдуулсан нь харагдана. Ингэснээр хуулийн хариуцлага бодит болж, гэмт этгээд ял завшихаас сэргийлэхээс гадна гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр буурахад нөлөөтэй аж.

Related news