ХӨВСГӨЛ: Цаатан фестивалийг 1000 гаруй жуулчин зорин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-08 16:55:13

Мөрөн, 2024 оны долоодугаар  сарын 8 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд  Хөвсгөл нуурын эрэгт байрлах "Монтрэйвэл" компанийн Далай тур жуулчны баазад боллоо.




Тус наадмыг энэ жил Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 20 дахь жилдээ зохион байгууллаа.


Энэ жилийн наадмыг  Солонгос, Япон, Хятад, Өвөрмонгол  зэрэг 10 орны мянга гаруй жуулчин зорин иржээ.

Хүн бүрийн очих үзэх мөрөөдөл болсон Хөвсгөл нуурын хөвөөнд цаатан иргэдийн өв соёл, монгол ахуйтай танилцаж буйдаа талархал илэрхийлж байсан юм.




Энэ үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авхуулах, бөхийн барилдаан зэрэг олон сонирхолтой уралдаан, тэмцээн болж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.


 

Related news