Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-07-11 11:50:24

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.


Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр, “Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд аа. Тэнгэр заяат Монгол түмний үндэсний их баяр наадам эхлэхэд бэлэн боллоо. Үндэсний их баяр наадмын энэ өдөр алтан далбаат Монгол далбаагаа өнө мөнхөд мандуулж байхаар залсныг дуулгахад таатай байна. Монгол наадам бол бидний оюун санаа оршин тогтнохын дархлаа юм” гэдгийг онцоллоо.


"Түүхт ойн энэ жил ардчилсан төр засгаа улам бэхжүүлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа анх удаа 126 гишүүнтэй сонгон байгуулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ цохион тэмдэглээд, “Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй Монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр түмэндээ тангараг өргөсөн УИХ, Засгийн газрын гишүүд та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, төрийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн өгүүллээ.




Дэлхийд хосгүй монгол наадмаа өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхийн мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант өндөр заяат миний монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч ерөөлөө. 



Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Эх дэлхий, энх оршихуй цадиг” сэдвийн дор эхэлж байна.



Энэ жилийн наадмыг нээх, хаах ёслолыг Монгол түмний үүх түүхтэй хослуулан шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжөөр хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөөгөөр “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулж үзэгч олонд хүргэж байна. Нээлтийн эхний бүлэгт эх дэлхий бол зөвхөн хүн төрөлхтний оршин байгаа газар биш бөгөөд эртний ургамал, амьтан, хорвоо дэлхийн үүслийн талаар үзүүлэн "Уяхан замба тивийн наран" дууг морин хуурчид эгшиглүүлээ.


Үндэсний их баяр наадмын нээлтийг өнөөдөр 22:00 цагаас дахин нэг удаа тоглохоор болсон. Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байна.





Related news