Николай Овсеенко: Тал нутаг, тайлагдашгүй нууцлаг говьд нар мандаж, жаргахыг харахыг хүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-07-11 13:10:17

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Манай улсад энэ онд 316.9 мянган жуулчин ирээд байна. Ирсэн жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.6 хувиар өсжээ.

  • Он гарснаас хойших эхний 6 сард 297.115 жуулчин,
  • 2024 оны долоодугаар сард 19.837 жуулчин тус тус ирээд байна.


Манай улс өдөрт дээд тал нь 5100 жуулчин хүлээн авч байна. Ирсэн жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.6 хувиар нэмэгджээ.



“Монголд зочлох жил”-ийн хүрээнд төр, засгаас 2024 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Оны эхний 7 сарын байдлаар энэхүү зорилт 31.70 хувьтай байна. Цаашлаад:

  • 1-6 сард 325 мянган жуулчин хүлээн авахаас 91.42 хувьтай,
  • Долоодугаар сард 125 мянган жуулчин хүлээн авахаас 15.87 хувьтай байна.
  • Нэг өдөрт хүлээн авах жуулчдын тоог 4032 байхаар тооцсон. Энэ нь өнөөдрийн байдлаар 126.66 хувьтай байна.
  • Долоодугаар сарын 4-ний өдөр нэг өдөрт 5107 жуулчин хүлээн авсан байна. Долоодугаар сарын өдрийн дундаж тоо 3255 жуулчин буюу 56.90 хувьтай байна.


Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг үзэхээр ирсэн зарим жуулчны сэтгэгдлийг хуваалцлаа.

АНУ-ын Калифорни мужаас ирсэн Жуан Жойсика хэлэхдээ, "Монголд ирсэн анхны сэтгэгдэл их сайхан байна. Нийслэл Улаанбаатар их орчин үеийн хот юм байна, их таалагдлаа. Харин зарим үед авто замын хөдөлгөөн түгжрэл ихтэй байсан. Бусад талаар сайхан байна. Ер нь, дэд бүтцээ өргөжүүлж, сайжруулах хэрэгтэй нь харагдсан" хэмээсэн нь анхаарах зүйлийн нэг байлаа.


ОХУ-аас ирсэн жуулчин, сэтгүүлч Виктор, Николай Овсеенко нарын сэтгэгдлийг сонсвол, “Бид Монголд дөнгөж ирээд байна. Улаанбаатар хотын хөгжил, Улаанбаатарынхны зочломтгой зан, монгол үндэстний хоол маш их таалагдсан. Улаанбаатар хот барууны орнуудынх шиг маш хурдан гоё болж байна. Наадмын дараа бид говьд зочилно. Тал нутаг, таагдашгүй нууцлагдмал говьд нар мандаж, жаргахыг харахыг хүсэж байна. Төсөөлөхийн аргагүй үзэсгэлэнтэй байх болов уу хэмээн говьд очих өдрийг тэсэж ядан хүлээж байна. Тэнд бид өвөрмөц соёл, ертөнцийн эрх чөлөөг илүү мэдэрнэ гэж бодож байна” гэв. 



Related news