К.Харристай хамт дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэрс тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-23 09:24:20

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, өөрийг нь дэмжсэний дараа Ардчилсан намын нэр нөлөө бүхий олон гишүүний дэмжлэгийг аваад буй Камала Харрис намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байна.


Тэрбээр Ардчилсан намын олон удирдагчийн дэмжлэгийг авч, Ж.Байдены кампанит ажлын хандивыг өвлөжээ. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооныхоо нэрийг өөрчилж, Ж.Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн хороонд өгсөн мэдүүлэгт өөрчлөлт оруулсан байна.


Харин одоо К.Харристай хамтран дэд ерөнхийлөгчид өрсөлдөх хүнээр хэнийг сонгох вэ гэдэг яриа хүчтэй өрнөж байна. К.Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэх магадлалтай Ардчилсан намын их хурал Чикагод эхлэхэд ердөө 28 хоног үлдээд буй энэ үед тус намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үйл явц хэдийнэ эхэлжээ. Тухайлбал, Хойд Каролина муж улсын захирагч Рой Купер, Пенсильвани муж улсын захирагч Жош Шапиро, Аризонагийн сенатч Марк Келли нараас санхүүгийн мэдээлэл, гэр бүлийн намтар болон бусад хувийн мэдээллээ өгөхийг хүссэн тухай хоёр эх сурвалж CNN телевизэд мэдээлсэн байна. Дэд ерөнхийлөгчид нийт 10 орчим хүний нэр яригдаж байгаагийн ихэнх нь албан тушаалтнууд байгаа ажээ. Тэдний дотор Кентакки муж улсын захирагч Энди Бешир, Иллиноис муж улсын захирагч Ж.Р.Прицкер, Тээврийн сайд Пит Буттижич, Мичиганы захирагч Гретхен Уитмер, Калифорнийн захирагч Гэвин Ньюсом нар багтаж байна.

 


Related news