ПАРИС-2024: Леброн Жеймс АНУ-ын тугийг барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-07-23 14:44:10

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 23 /NBA/. Олимпод оролцох АНУ-ын багийн туг баригчаар сагсанбөмбөгч Леброн Жеймсийг сонгожээ. Тэрбээр улсынхаа түүхэнд энэхүү үүргийг гүйцэтгэх анхны эрэгтэй сагсагбөмбөгч болж байгаа бөгөөд өмнө нь 2004 оны Афины наадамд Даун Стейли, 2020 оны Токиогийн наадамд Сью Бэрд зэрэг эмэгтэй сагсанбөмбөгчид туг барьж байлаа.


Л.Жеймс энэ баасан гарагт Америкийн тамирчдын суусан завийг ахлан Сена мөрний дагуу болох нээлтийн ёслолд оролцоно. Энэ нь NBA-ийн дөрвөн удаагийн аварга, NBA-ийн бүх цаг үеийн онооны лидерийн хувьд бас нэгэн түүхэн үйл явдал болох юм. Зуны наадамд дөрөв дэх удаагаа оролцох гэж байгаа тэрбээр анх 2004 онд Олимпод оролцохдоо 19 настай байжээ.


Л.Жеймс эх орныхоо далбааг мандуулахаар болсноо "нэр төрийн хэрэг" гэж хэлсэн байна. “Эх орноо өвөрмөц байдлаар төлөөлөх боломж олдсон нь надад онцгой сайхан санагдаж байна. Үүрд дурсагдах энэ мөч ямар үнэ цэнтэй болохыг би маш сайн ойлгон ухамсарлаж байна” гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцжээ.


АНУ-ын багийн туг баригч эмэгтэйг ойрын өдрүүдэд танилцуулна. Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2020 онд Олимпын нээлтийн ёслолд оролцох баг тамирчид нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн хоёр туг баригчтай байх ёстой хэмээн шийдвэрлэсэн нь жендэрийн тэгш байдлыг дэмжиж буй алхам юм. Парисын Олимпод АНУ-аас 600 орчим тамирчин оролцох бөгөөд тэдний 53 хувь нь эмэгтэйчүүд байна.


Олимпод оролцох бүх тамирчин нээлтийн ёслолд оролцдоггүй бөгөөд маргааш нь болох тэмцээн уралдаанд оролцох гэх мэт шалтгаанаар ихэнх нь алгасдаг. Л.Жеймс болон Олимпын дөрвөн алтан медальт АНУ-ын эрэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолтоо Францын Лилль хотод Сербийн багтай энэ ням гарагт хийх юм.  


Түүнчлэн Л.Жеймс болон Олимпод оролцох Америкийн баг тамирчиид нэлээд олон орны тамирчдын дараа Сена мөрнөөр завьтай явж өнгөрнө. Уламжлал ёсоор Грек улсын тамирчид парадыг тэргүүлж, “Милуоки Бакс” багийн од Жианнис Антетокунмпо эх орныхоо тугийг мандуулах бол тэдний араас дүрвэгсдийн баг, түүний дараа 200 орчим улсын баг тамирчид жагсана.



Related news