ЗАВХАН: Аялагчдыг хариуцлагатай аялахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-23 14:42:34

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурыг өнөөдрийн байдлаар 2000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзжээ.


Тус нуурыг зорьж үзэх аялагч, амрагчдын тоо жил бүр нэмэгддэг. Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газрын Хар нуур хэсгийн постоор дамжин өнгөрсөн дотоод, гадаадын аялагчдын тоо 2000 гаруй байна. Постоор дамжихгүйгээр зорьж байгаа аялагчдын цуваа тасрахгүй байна.


Завхан аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн байна. 2018-2022 онд жил бүр хоёр дахин нэмэгдэж, 2023 онд нийт 55852 жуулчин, аялагч тус аймгийг зорин иржээ.  


2019 онд 5388 гадаадын жуулчин, 44598 дотоодын аялагч иржээ. 2020 онд цар тахлын улмаас аялагч, жуулчдын тоо цөөрч, 2021 онд 41397 аялагч, жуулчин ирж байжээ.


"Хангайн сувд" гэгддэг байгалийн үзэсгэлэн цогцолсон Улаагчны хар нуур нь дотоодын аялагчдын топ зорих газрын нэг болоод байгаа нь аялагчдын тооноос харагдаж байна.


Үүнтэй холбоотой аялагчид хэрхэн хүрэх, ямар зам болон тээврийн хэрэгсэл сонгох нь оновчтой зэргийг нэгтгэсэн мэдээллийг аймгийн Аялал жуулчлалын холбооноос дэлгэрэнгүй маршрут бүхий хөтөч хэвлүүлсэн.  


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс хойш 110 км, Улаанбаатар хотоос баруун хойш 1214 км газарт орших Улаагчны хар нуурт хоёр замаар очих боломжтой.


Эхний зам нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тэлмэн сум хүртэл 860 км засмал замаар яваад цааш 50 км шороон замаар явж Улаагчны хар нуур хүрэх,

Хоёр дахь зам нь баруун аймгуудаар аялсан аялагчид буцахдаа Увсаар дайран Улаагчны хар нуурыг зорих нь элбэг бөгөөд Завхан аймгийн Цэцэн-Уул сум руу салдаг замаар салж, тус сумаар дайраад очих нь хамгийн бартаа багатай зам болохыг туршлагатай аялагчид зөвлөдөг. Ингэж явахад 100 орчим км-ийг элстэй замаар явдаг тул жижиг оврын машинтай бол зорчиход хүнд. Улаагчны хар нуур луу хүрэх шороон зам нь аль ч талаасаа элсээр хучигдсан бартаа бүхий замтай тул ганц машинтай болон жижиг суудлын автомашин очих нь эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.


Улаанбаатараас шууд зорих аялагчдын хувьд аяллын ирж, очих хоногоо хамгийн багадаа 4 хоногоор төлөвлөх нь тохиромжтой.


Төгсгөлд нь, замд гарахаасаа өмнө автомашиныхаа запас дугуй, хөдөлгүүрийн тос, хөргөх шингэн, багаж хэрэгсэл, газрын зураг болон элсэрхэг говь нутагт очих тул цэвэр усаа сайтар базаах хэрэгтэйг сануулж байна.


Мөн аяллын хугацаанд хогоо өөрсдийн хогийн уут саванд авч явж, нуурын эрэг орчим ил задгай хог хаяхгүй, нуурын элснээс гулгах, автомашинтай нуур луу хэт ойртохыг хориглоно. Түүнчлэн Хар нуурын постоор дамжин өнгөрч хогийн сав бүхий нэгдсэн цэгт хогоо хаяж болно.


Өнөөдрийн байдлаар нуурын пост орчмын хогийг цэвэрлэх, хогийн цэгт төвлөрсөн хогийг ачиж зайлуулах ажлыг сум орон нутаг болон Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар, аймгийн БОАЖГ, байгаль хамгаалагчид хийж байна. Өнгөрсөн жил Отгонтэнгэрийн Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газрын Хар нуур орчмыг цэвэрлэж нийт 6 тонн хог хаягдлыг цэвэрлэн хогийн цэгт хүргэсэн. Мөн нуур луу нэвтрэх хэсгийн гадаах сүүдрэвчийг сэргээн засварласан. Энэ жил мөн төвлөрсөн хогийг цэвэрлэх, ачуулах ажлыг хийнэ гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Улаагчны Хар нуурын амрах отоглох цэг


Related news