ЗАВХАН: Байгалийн цогцолборт газрын биологийн төрөл зүйлийг хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-24 16:55:39

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд тахь сэргээн нутагшуулснаас хойш тухайн сав газрын хөрс, усыг хамгаалахаас гадна, биологийн олон төрөл зүйлийг хамгаалж байна.

2020 оны тавдугаар сард Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр Дөрвөлжин сумын нутаг, Хомын талыг байгалийн цогцолборт газар болгож улсын тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргасан. Монгол Улсад тахийг 2004 оноос хойш амжилттай сэргээн нутагшуулж байгаа Завхан аймгийн нутагт орших Хомын тал нь байгалийн өвөрмөц олон янз байдлыг цогцлоосон, РАМСАР-ын конвенцид бүртгэсэн нүүдлийн шувуудын хэд хэдэн чухал тархац нутаг бүхий газар юм.

Хомын талд тахь сэргээн хашиж, хамгаалсан 20 жилийн хугацааанд Завхан гол дагуух зэрлэг чацарганы ойн

эзлэх талбай 100 га-гаас 1000 га хүртэл тэлж, татмын ойн экосистем мэдэгдэхүйц сайжирсан байна. 


Хомын талын байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдын тооллогыг дөрвөн удаа хийжээ.

Тооллогод цагаан зээр 660, янгир 110, бөхөн 132, хар сүүлт 57 тоологдож, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран нэн ховор, бөхөн хүзүүвчлэх ажлыг хийсэн байна.

Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан аж. 


 Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм. 


Хомын талын Байгалийн цогцолборт газар нь SMART арга зүйг зөвхөн эргүүл хамгаалал төдийгүй зэрлэг амьтны тооллого судалгаанд нэвтрүүлж буй анхны тусгай хамгаалалттай газар нутаг юм. 


Хомын талын Тахь төрийн бус байгууллагын байгаль хамгаалагч У.Алтангэрэл

smart программ, дрон хослуулан тооллого хийж буй агшин 


Хомын талын тахь, "Азарганы зодолдоон", Гэрэл зургийг: Б.Лхагвадорж


Хомын талын тахь бүр нэртэй, "Зуу", "Грүүд" хоёр зургаа авахуулж байна


Хомын талын өмнөд хэсэгт орших Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын (IBA дугаар: MN016, MN017) жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог.


Хомын талд 140 гаруй зүйлийн шувуу бий.  Тухайлбал, дөлөн цэгцүүхэй нь Арктикийн бүс болон Сибирээс ирж Монголд мод буттай голын хөндий, уулын амаар нутаглана. Өвлийн улиралд Хомын талд сүрэглэн өвөлждөг.


Хомын тал нь 2500 хавтгай дөрвөлжин км нутагтай, Монгол Улс болон дэлхийд ховор, устах аюулд орсон, орж болзошгүй биологийн бусад төрөл зүйлээр, бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий газар юм.

Related news