Д.Трамп руу буудсан этгээд Гүүгл болон дроныг ашиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-26 10:13:22

ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 25 /ВВС/. Дональд Трампын амийг хөнөөхөөр оролдсон 20 настай Томас Мэтью Крукс халдлага үйлдэхээсээ хэдэн өдрийн өмнө Ерөнхийлөгч асан Жон Кеннедийг хөнөөсөн хэргийн талаарх тодорхой мэдээллийг интернэтээс хайж байжээ. Энэ тухай Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй Конгресст болсон сонсголын үеэр мэдэгдсэн байна.


Түүний ярьснаар, Круксийн зөөврийн компьютерийг шалгахад, тэрбээр Гүүгл хайлтын системийг ашиглан алуурчин Харви Освальд ерөнхийлөгч асан Кеннедигээс хэр хол зайд байсныг мэдэж авахыг оролджээ. Түүнээс гадна Трамп тайзан дээр гарч ирэхээс 2 цагийн өмнө Крукс дрон ашиглан цуглаан болох газрын байршлыг судалсан байна. Дрон 11 минутын туршид агаарт байсан бөгөөд автомашинд нь нэгжлэг хийхэд дрон, түүний удирдлага ба хоёр ширхэг тэсрэх бөмбөг илэрсэн байна. Мөн Круксын гэрт дахиад нэг тэсрэх бөмбөг олджээ.


ХМТ-ны захирлын ярьснаар, хэргийг Крукс бусад хүмүүстэй хамсан үйлдсэн гэх нотолгоо олдоогүй байна. “Трампыг буудсан хүн одоо байхгүй, гэхдээ ХМТ-ны мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна” гэж тэрбээр нэмж хэллээ.


Халдлагын тухайд эргэн сануулваас, энэ сарын 13-ны өдөр Пенсильвания муж улсын Батлер хотод болсон сонгуулийн кампанит ажлын ээлжит нэгэн цуглаан эхэлснээс хойш хэдхэн минутын дараа Т.Крукс AR-15 маркийн винтов буугаар Трамп руу 8 удаа буудсан байна. Эдгээрээс нэг сум нь ерөнхийлөгч асны толгойноос хэдхэн мм-ийн зайтай өнгөрч, чихийг нь оножээ. Буудах явцад цуглаанд оролцогч хоёр хүн хүнд шархдаж, нэг хүн амиа алдсан билээ.


Байшингийн дээвэр дээр байсан Круксыг Нууц албаны мэргэн бууч эхний буудалтаас хойш 26 секундийн дараа устгасан байна. ХМТ-ны захирлын хэлснээр, Круксын байсан газраас 8 ширхэг сумны хонгио олджээ.


Энэ хэрэг явдлаас үүдэн АНУ-ын Нууц албаны захирал Кимберли Читл мягмар гарагт огцорсон билээ.

 

Related news