ДОРНОГОВЬ: Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-26 11:46:28

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам тохиож байна.


Тус сум ардын засгийн дараа 1924 оны эхээр Ёст бэйсийн  /хуучнаар Цогтой гүний хошуу/ хошууг Сүж уулын хошуу болгон байгуулж тулгын чулуугаа тулж байжээ. Сумын нутгаар Замын-Үүд-Улаанбаатарын босоо тэнхлэгийн авто зам болон 15,5км туслах зам, төмөр зам, 24 цагийн өндөр хүчдэлийн шугам дайран өнгөрдөг. Улаанбаатар хотоос 600 км, Сайншанд хотоос 110 км, Замын-Үүд сумаас 130 км зайд оршдог.


Домогт Улаан-Уулын хилийн отряд тус суманд байрладаг. Мөн төмөр зам, авто зам гээд дэд бүтэц  сайн хөгжсөн газар юм. Сумын төвөөс 10 гаруй км-т хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагддаг Бүрдэнийн элсэн сувилал бий. Өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар Бүрдэнийн элс бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсагны үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосон байдаг.


Эрдэнэ сумын ЗДТГ-ын харьяанд байдаг тус сувиллын орчмыг 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн юм.




Сумын ЗДТГ-аас түүхт 100 жилийнхээ ойг угтаж зам талбайг тохижуулах, хөрөнгө оруулалт хөгжлийн олон ажлыг гүйцэтгэжээ. Түүхт ойн баяр наадмаар зургаан насны морь уралдаж, сур болон шагайн харваачид цэц мэргэнээ  сорьж, хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Related news