ДОРНОГОВЬ: Аймгийн баяр наадам болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 27-28-нд болж байна.
Энэ жил тус аймгийн 11 сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа тул аймгийн баяр наадмыг сумдын тэгш ойн дараа, хур бороо орж газрын гарц сайжирсан үед зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Дорноговь аймгийн баяр наадамд зургаан насны морьд уралдаж, сур шагайн харваачид цэц мэргэнээ сорьж, улс аймгийн цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж байна. Мөн хос морьтой сайхан хос, жороо морины уралдаан зохион байгууллаа.
Тус аймаг 1931 онд байгуулагдсан бөгөөд аймгийн төв Сайншанд сум нийслэл Улаанбаатар хотоос 450км-т оршдог. Түүх сөхөхөд 1942 онд улсын мал бэлтгэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлж улсад тэргүүн байр эзэлсэн тул БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 14-ний 19 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнажээ.
1973 онд V таван жилийн төлөвлөгөөт зорилтоос 1974 оны төлөвлөгөөгөө урьдчилан биелүүлж, мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөж, мах, ноос бэлтгэл, мал аж ахуйн материаллаг баазыг хангах ажлыг амжилттай биелүүлсэн учир БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлигаар Дорноговь аймгийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор хоёр дахь удаагаа шагнасан юм.
Тус аймагт
газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам, Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам зэрэг
томоохон бүтээн байгуулалт өрнөж буй бөгөөд орон сууцны фондыг
нэмэгдүүлсэн, хүний амьдрах орчныг хангаж дэд бүтэц, барилга байгууламж барьсан
үзүүлэлтээр өрсөлдөх чадвараараа бусад аймгаас тэргүүлж байна.