ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын сүлдний бэлгэдэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын сүлдийг 2013 оны 2 дугаар сарын 14-ний
өдөр хуралдсан ИТХ-ын 97 тоот тогтоолоор баталжээ. Энэхүү сүлд нь нь тус сумын
Мандал багийн иргэн Жуухайн Ганзоригийн бүтээл юм.
Сүлдэнд хөх, шар, цагаан гурван өнгө зохилно. Энэ нь хөх тэнгэр, нар,
саран дор эх дэлхий амар амгалан байж, үржиж, арвидахыг, оройн дээд хэсэгт
байрлах нар, сар, гал нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр,
өтгөс үеэрээ үүрд мөнхжин батжихыг бэлгэджээ.
Цагаан мориор адуугаа эрхэмлэн дээдэлдэг нүүдлийн мал аж ахуйг төлөөлүүлсэн
ба сумын ард иргэдийн хийморь сүлд мөнхөд өөдрөг байхыг ерөөж, ургах нарны өөд
хурдтайгаар тэмүүлэх байдлаар дүрсэлсэн юм.
Морины эмээл дээр бадамлянхуа цэцэг, түүний дээр лир байрлуулсан нь нутгийн
ард түмний дунд уламжлан ирсэн дуу хуур, яруу найраг бүхий аугаа их авьяас, их
өв соёлыг цаг үргэлж ариун байлгаж өвлүүлэн уламжлуулах, мөнхөд шударга үнэнээр
аж төрөхийг бэлгэдсэн байна.
Сумын хүн зон үеийн үедээ эд баялаг, идээ ундаагаар арвидан байхын тухайд
цэнхэр хадган дээр Сайнцагаан сумын Үйзэн багийн нутагт байрлах энерги
шингэсэн, өвөрмөц тогтоцтой хөдөлдөг тахилгат ембүү хадыг дүрсэлжээ.
Энэхүү
тахилгат хад Дайчинбэйсийн хошуу ноёны тахилгат газар байсан бөгөөд нутгийн зон
олон даллагын сав хэмээн сүсэглэн тахидаг байжээ. Энэ зан үйлийг үйлдсэнээр
ган, зуд, байгалийн гамшиг, өвчин эмгэг, зуурдын аюулаас ангижруулдаг хэмээн
үздэг юм