ДУНДГОВЬ: Эрдэнэдалай сумын баяр наадам, баруун бүсийн сумдын хурдан морины уралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн баруун бүсийн сумдын хурдан морины уралдаан, аймаг
байгуулсны 82 жил, Эрдэнэдалай сум байгуулсны 101 жилийн ойн баяр
наадам өргөн дэлгэр болж байна.
Нарны хүлэг морин спорт, уяачдын холбооны санаачилгаар тус аймгийн Засаг
даргын захирамж гарч, баруун бүсийн сумдын хурдан морины уралдааныг 7 дугаар
сарын 29-30-нд зохион байгуулахаар болсон.
Баяр наадмын үндэсний шагайн харваа багийн болон хувийн цувааны төрлөөр
явагдаж, шилдэг харваачдаа тодрууллаа.
Багийн харвааны төрөлд Монгол Улсын харьшгүй мэргэн Ц.Отгонбаяр
ахлагчтай “Бүрд” баг түрүүлж, удаах байрт аймгийн гарамгай мэргэн М.Хатанбаатар
ахлагчтай “Урлан” баг, Монгол Улсын дархан мэргэн Д.Одгэрэл ахлагтай
“Эрдэнэдалай” баг тодорч, тусгай байранд Сайхан-Овоо сумын Б.Түвшинбаатар
ахлагчтай “Сайхан-Овоо” баг шалгарчээ.
Хувийн цувааны төрөлд Монгол Улсын харьшгүй мэргэн Ч.Мөнхбаясгалан түрүүлж, аймгийн гарамгай мэргэн Г.Гантогтох, залуу харваач Д.Баянмөнх нар удаалсан байна.
Тус наадмын үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Дундговь аймгийн “Их
мандал зурхай” харваачдын холбоо, “Цахиур” багийн гишүүн, аймгийн онч харваач, спортын
мастер Б.Учрал, эрэгтэй харваанд “Их мандал зурхай” харваачдын холбоо, “Онч
мэргэн” багийн харваач, аймгийн мэргэн, спортын дэд мастер Э.Энх-Амгалан нар түрүүллээ.
Харин дэд байрт “Их мандал зурхай” харваачдын холбоо, “Онч мэргэн”
багийн гишүүн, аймгийн гоц харваач, спортын мастер М.Адъяасүрэн, Өмнөговь аймгийн
Ханбогд сумын “Галба мэргэ” холбооны гишүүн, сумын гоц харваач Г.Октябрь, удаах
байрт “Их мандал зурхай” харваачдын холбоо, “Мандалговь хүнс” ХХК, Цахиур
багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Д.Амаррагчаа, “Их мандал
зурхай” харваачдын холбоо, “Онч мэргэн” багийн харваач, аймгийн мэргэн, спортын
мастер Б.Эрдэнэцогт нар шалгарчээ.
Тусгай байрт “Их мандал зурхай” харваачдын холбоо, “Онч мэргэн” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер С.Отгонжаргал, тусгай байрт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галба мэргэ” холбооны залуу харваач Г.Солонго, “Их мандал зурхай” харваачдын холбооны залуу харваач Б.Сайнбаяр, “Их мандал зурхай” харваачдын холбоо, “ Онч мэргэн” багийн харваач, спортын мастер Б.Мягмардорж нар шалгарчээ.