ДОРНОГОВЬ: Замын-Үүдийн баяр наадам наймдугаар сарын 09-10-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-31 17:21:07

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сум үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадам энэ оны наймдугаар сарын 09-10-нд болно.


Тус сум ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харъяалагдаж  байсан.  Харин БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956  оны наймдугаар сарын 131 дүгээр зарлигаар  Замын-Үүд хороо, 1992 оны есдүгээр  сард Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 12 дугаар тогтоолоор Эрдэнэ сумын тавдугаар баг,  1994 оны 5 дугаар сарын 6-нд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум болгон зохион байгуулжээ. 


Энэ нутгаар олон улсын худалдааны торгоны, гүнжийн, цайны  зам  дайран  өнгөрч байсан нь худалдаа арилжаа, аян жин, аялал жуулчлалын дамжин өнгөрөх харилцааны зангилаа зам, морин өртөө,  хил  хязгаарын хамгаалалтын суурин, харуул гэх зэрэг  боомт, суурин болох эх үүсвэр тавигдсан  юм.


Эдүгээ Замын-Үүд сум нь Монголын гадаад худалдааны 80 гаруй хувийг хангадаг томоохон боомттой төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй улсын эдийн засгийг тэтгэх томоохон суурин болон өргөжиж байна.

Related news