Мэдлэг чадвар сайтай, ур чадвартай багштай байна гэдэг хамгаас чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:34:09

Сэлэнгэ аймгаас сүүлийн таван жил дараалан “Улсын тэргүүний” сургууль, цэцэрлэг, оны тэргүүний багш төрөн гарсан юм. Энэ нь тухайн аймгийн Боловсролын салбарын ажлын үзүүлэлт ямар хэмжээнд буйг илгэн харуулж байгаагийн тод жишээ ажээ.

Жил бүр Монголын багш нарын өдрөө угтан БСШУЯ-ны хэмжээнд боловсролын салбарын шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаа ч ажлын амжилтаараа Сэлэнгэ аймаг манлайлсан хэвээр байлаа. Тухайлбал Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕББД 1-р сургууль “Шилдгийн шилдэг сургууль”-иар, Сүхбаатар сумын ЕББД 2-р сургууль “Улсын тэргүүний сургууль”-иар, Ерөө сумын хүүхдийн цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан бол аймгийн боловсролын салбарыг сүүлийн 20-иод жил удирдан чиглүүлж яваа аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо Монгол Улсын боловсролын салбарын “Шилдэг удирдагч”-аар шалгарсан амжилтаар баярын өдрөө угтжээ. Ингээд “Шилдэг удирдагч”-аар шалгарсан аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоотой хэдэн хором хөөрөлдлөө.

-Юуны өмнө танд Боловсролын салбарын шилдэг удирдагч гэсэн эрхэм шагналын эзэн болсонд баяр хүргэе. Таны хувьд Сэлэнгэ аймгийн БСГ-ын даргын албыг миний мэдэх сүүлийн 20-иод жил хашлаа. Шилдэг удирдагч болтлоо энэ албанд зүтгэнэ гэдэг амаргүй болов уу. Мэдээж хэлэх үг, хийсэн ажил арвинтай байж гэмээнэ энэхүү их шагналын эзэн болсон болов уу. Ажлын амжилтаасаа хуваалцаач?

-Баярлалаа. Монголын багш нарын 49 дэх өдрийг тэмдэглэх үндэсний хэмжээний арга хэмжээг БСШУЯ, Монголын багш нарын холбооноос зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд бид аймгаасаа ЕББДСургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нартайгаа хамт оролцоод ирсэн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагааны үеэр тухайн жилийнхээ боловсролын ажил үйлсээрээ тэргүүлж яваа шилдгүүдээ шалгаруулан алдаршуулдаг журамтай. Сэлэнгэ аймгийн боловсролын үйл ажиллагаа үнэхээр улсдаа тэргүүлэх, манлайлах хэмжээнд явж байна гэдгийг БСШУ-ны сайд, бусад өндөр түвшний зохион байгуулж буй хүмүүс үнэлсэнд бид баяртай байлаа. Сэлэнгэ аймаг сүүлийн жилүүдэд боловсролын салбарт зохион байгуулж байгаа ажлуудаараа, боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа аливаа үйлсээрээ үнэхээр идэвхитэй манлайд нь явж ирсэн. Бидний зохион байгуулсан ажлууд үр дүнгээ өгсөн олон ажлууд бий. Энэ бол манай сургууль, цэцэрлэгүүд, эцэг, эхчүүд, орон нутгийн удирдлагууд дээр нь бид төрийн түшээдтэйгээ хамтарч бүхий л шатандаа ойлголцож ажиллаж байгаагийн үр дүн гарч байна гэж ойлгож болно. Мөн Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт оруулж байгаа улсын болоод орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж, сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн сурч, боловсрох ая тухтай орчин хөдөөгийн бусад аймгуудтай харьцуулах юм бол аймгийн хэмжээнд жигд сайжирсан түвшинд хүрсэн зэрэг үзүүлэлтүүд нөлөөлсөн. Нөгөө талаас мэргэжлийн багшаар бүрэн хангагдаж, түүнийгээ өшөө илүү чанаржуулах, чадваржуулах ажил нэлээд сайн хийгдсэн явдал юм. Хүүхдийг сайн сургана гэдэг багшаас хамаарна. Дээр нь бусад талын дэмжлэгүүд нөлөөлнө. Мэдлэг чадвар сайтай, ур чадвартай багштай байна гэдэг хамгаас чухал. Багшаас их зүйл шалтгаална. Энэ чиглэлээр манай аймаг түлхүү ажиллаж байгаа. Дээр нь боловсролын салбарт авч хэрэгүүлж байгаа олон шинэчлэлүүдийг аймагтаа хэрэгжүүллээ. Өнөөдрийн энэ мэдээлэл технологийн зуунд цахим сургалт гэдэг хөтөлбөрийг аймгийнхаа ИТХ-аар батлууулж бүх цэцэрлэг, сургуулиудыг найдвартай интернетэд холбох, сургуулийн орчин дахь хүүхдийн цахим сургалтын үйл ажиллагааг дэмжих чиглэлд цогц үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд онцгой анхаарч, аймгийн ИТХ-аар хөтөлбөр боловсруулан батлуулж, эрүүл мэндийн цогц бодлогыг авч хэрэгжүүллээ. Сургуулиудыг эмчтэй болгох, хүүхэд нэг бүрт эрүүл мэндийн карт хөтлүүлэх ажил үр дүнгээ өгсөн. Мөн үдийн цай хөтөлбөр, сургуулийн дотуур байрны хоолонд анхаарч сургуулийн цайны газраар үйлчлэх, газар дээрээс нь халуун илчлэг, эрүүл ахуйн шаардлага хангасан, тэжээллэг хоол, цайгаар үйлчлэх ажлууд хэрэгжээд явж байна. Дотуур байрандаа сурч хүмүүжиж байгаа хүүхдүүдэд аюулгүй, ая тухтай орчинг бий болгож өгөх, гэртээ байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх, хүмүүжүүлэгч, зөвлөх багш нар хүүхдүүдтэй зөв боловсон харьцах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүллээ. 6 настай жаахан хүүхдүүд дотуур байранд ирж амьдарч байна. Тэднийг угтаж авах, эцэг эхийн гар дээрээс ирж байгаа нялх хүүхдүүдийг дасгах журмаар асрагч багш ажиллуулж байна. Эдгээр үйл ажиллагаанууд маань улсдаа туршлага болохуйц сайн ажил болжээ гэж яаман дээр сайшаагдсан.  Мөн “авьяас”, “ном” хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлэхэд орон нутгийн тусламж, дэмжлэг их байлаа. Манай аймгийн бүх цэцэрлэгүүд, сургуулиуд хүүхдээ хөгжүүлэх дугуйлан секц хичээллүүлж байна. Жил бүр сургуулиуд бүсээрээ, чиглэл чиглэлээрээ тайлангаа тавьдаг болсон. Аймгийн хэмжээнд бүх сургуулиуд шатрын клубтэй болсон. Шатрын орон тооны багш нарыг төсөвтөө багтаан ажиллуулж байна. Жил бүр аймгийн Засаг даргын ивээл дор 1000 шатарчны тэмцээнийг аймгаас зохион байгуулж хэвшлээ. Бүх сургуулиуддаа хүүхдийн автобус хөтөлбөр хэрэгжүүлсэн гээд олон онцлог ажлууд манай боловсролын салбарт хийгдсэн маань бусад аймгуудад үндэсний хэмжээнд үлгэр жишээ болж, ажил маань өөдрөг байна.

-Боловсролын салбарынхны нийгмийн асуудал тааруу байдаг гэж байнга л ярьдаг. Та олон жил энэ хүмүүсийн хувь, хувьсгалын асуудалд анхаарлаа хандуулж ирлээ. Эдгээр хүмүүсийн амьдралын баталгааг яавал сайжруулах вэ гэж сэтгэлээ чилээх юм уу?

-Аль ч улс үндэстний хамгийн голлох, том салбар бол боловсролын салбар байдаг. Хөгжчихсөн улс үндэстнүүдийн туршлагыг судлахад бүгд л боловсролынхоо салбарт хөрөнгө оруулалт хийж, хүнээ хөгжүүлсэн байдаг юм билээ. Эд баялаг биш, оюун ухаан, хөгжсөн уураг тархи боловсролын том баялаг. Иймээс боловсролыг тэргүүлэх салбар болгон тавьж, бодлого үйл ажиллагаа явуулсан орнууд өндөр хөгжсөн байдаг. Манайх боловсролын салбараа тэргүүлэх чиглэлийн өндөр түвшинд авч явах бодлогыг нэг хэсэг эрчимтэй ярьж эрмэлзсэн. Харамсалтай нь тэргүүлэх зэрэгт авч явахад улс орны эдийн засаг тэр бүр шилжилтийн хугацаанд хүндрэлтэй нөхцөлд яваад байгаа учраас багш нарын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр үнэхээр дорвитой ажлыг хийж чадахгүй байна. Яахав тодорхой ажлуудыг хийж байна л даа. Тэр нь энэ том салбарын аманд ч үгүй, хамарт үгүй болоод байна. Ер нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлогоо 2014 онд шинэчилсэн. Энэ бодлого дээр тодорхой зүйлүүд туссан байгаа. Улс орны эдийн засаг сайжираад ирэх юм бол энэ бодлого хэрэгжиж цаашид боловсролын салбарын нийгмийн асуудал сайжирах ирээдүй байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөртөө багш нар, боловсролын салбарынхан цалингаас цалингийн хооронд, бүгд банкинд зээлтэй, хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна. Гэхдээ ард иргэд маань сургууль, цэцэрлэг, боловсролынхоо хүмүүсийг ойлгодог, дэмждэг оюунлаг хүмүүс болжээ.

-Үсрэнгүй хөгжлийн энэ үед хүүхдийн оюун ухаан харьцангуй болжээ. Ийм нийгэмд хүүхдийг сургана, төлөвшүүлнэ гэдэг маш их зүйлийг шаардсан, багшаас тэс өөр аргыг нэхсэн үе ирээ юу даа. Сэлэнгийн хүүхдүүдийг оюунлаг гэдэг. Таны бодол . . .?

-Боловсролын ажил бол маш ярвигтай нарийн ажил л даа. Хүнээр хүн хийнэ, хүн болгон төлөвшүүлнэ гэдэг маш ярвигтай. Хүний уураг тархийг багаас нь системтэй, зөв төлөвшүүлэх, зөв хүн болгох гэдэг маш том шинжлэх ухаан. Үүнийг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л эхэлж ярьж, хөгжүүлж ирсэн. Монгол улсын тухайд орчин цагийн боловсрол, танхимын боловсрол үүссэнээс хойш үндсэндээ 100 орчим жил болж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхдийг нэг ангид суулгаад шинжлэх ухааны мэдлэгийг системтэй өгч эхэлсэн үеэс. Үүнээс өмнө монгол аргаар монгол ухаанаар хүүхдээ сургах уламжлалт арга байсан нь мэдээж. Энэ хугацаанд ерөнхийдөө ОХУ-ын сургалтын хөтөлбөр онол дээр тулгуурлан сургалтын үйл ажиллагааг явуулж байсан. 1990 оноос хойш өрнөдийн өндөр хөгжсөн орнуудын сургалтын хөтөлбөр зарчмуудыг зэрэгцүүлж, нэвтрүүлж эхэлсэн. Хүүхэд хөгжүүлэх хамгийн чухал зүйл маань тухайн хүүхдэд юуг яаж зааж, ямар түвшинд мэдлэгтэй болгох вэ, сургуулийн түвшинд хэрхэн заах вэ гэдэг нь чухал. Үүнийг сургалтын хөтөлбөр гэдэг. Энэ мэтээр явсаар өнгөрсөн хичээлийн жилээс монгол улс монгол хүүхдийг  зөв мэдлэг чадвартай төлөвшсөн хүн болгох монгол орчинд онцлогт нь тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэглэж эхэллээ. Монгол хүүхдийг хөгжүүлэхэд тэр далайгаар хүрээлэгдсэн арлын хүүхдэд заадаг орчин ахуй хэрэггүй шүү дээ. Харин батлагдсан дэлхий нийтийн шинжлэх ухааны мэдлэгийг  авах нь өөр хэрэг. Иймээс монгол гэдэг онцлог үндэстэнд тохирсон үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх нь өнөөдрийн эрдэмтэн мэргэд, төр захиргааны байгууллагаас шаардаж байна. Энэ хичээлийн жил бол зөвхөн монгол хүүхдэд зориулагдсан үндэсний цөм хөтөлбөрийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа эхний жил. Сурах бичиг, багшийн заах арга барил, сурах бичгийн доторх агуулга гээд бүх зүйлүүд системтэйгээр шинэчлэгдэж байна. Энэ бол их том шинэчлэлт. Хүүхдүүдээ хөгжүүлэхэд дэлхий нийтийн орчин үеийн хөгжил, монголын өөрийн өнөөгийн хөгжил, уламжлалт зан заншил, уламжлалт  ухаанаа авч хадгалж үлдсэн монгол хүүхдийг бид хүмүүжүүлнэ. Энд эцэг, эх, олон нийтийн оролцоо хамгаас чухал байгаа. Цаашид сайжруулах юм нэлээд гарна. Үүний гол ач холбогдол нь монгол хүүхдэд зориулсан үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, уламжлал шинэчлэлээ хадгалсан орчин үеийн хурдацтай дэлхий нийтийн хөгжилд хөл нийцүүлж, хүүхдээ сургах зүйлийг л цогцоор нь хийж хэрэгжүүлэхэд бид хүчин зүтгэнэ. Тийм шүү. Энэ сайхан байгаль дэлхий, уул ус, дэд бүтэц суурьшмал аж ахуй, төрмөл амьдралын хэв шинж нөлөөлдөг байх. Манай хүүхдүүд бие бялдар, оюун ухааны хөгжлийн хувьд ч аль ч аймагтай харьцуулахад дээгүүр байдаг. Ялангуяа Улаанбаатар хотоос ирсэн судалгааны хүмүүс хэлдэг юм. Авьяас хөтөлбөрийн хүрээнд бид хүүхдүүдээ онцлог онцлогоор нь тухайн сум суурингийн амьдарч байгаа онцлог уламжлал, тухайн хүүхдийн онцог  байдлаар хүүхэд бүрийн авьяасыг нээх тал дээр анхаарч байна. Хүүхэд бүр давтагдашгүй байгалиас төрсөн авьяастай байдаг. Үүнийг нээж хөгжүүлэх чухал. Бүгд л үүний төлөө ажиллаж байна. Сэлэнгийн тухайд ирээдүйн их мастерууд, өвлөн бүжиглэе, сэлэнгийн үр сад гээд төрөл бүр дээр хүүхдүүдээ хөгжүүлэхийн зорьж байгаа.

-Олон жил нэг салбарт удирдах албан тушаал хаших нь хувь заяа болов уу. Үүний сул хийгээд давуу тал юу байдаг юм бол. Зарим хүмүүс ярихдаа олон жил дэмий ч гэх. Зарим нь бүр үр дүнтэй ч гэх яриа байдаг. Таны хувьд . . .?

- Аль ч салбарын удирдах ажилтан байна гэдэг хамгийн гол нь их хариуцлага. Нөгөө талаас тухайн удирдах ажилтан тухайн салбартаа мэргэшсэн, ажлаа мэддэг байх нь орон нутагт хамгаас чухал. Дээр нь тухайн салбарын удирдах ажилтан тэр ажлынхаа төлөө хоёргүй сэтгэлээр, хүсэл зорилготой, эрмэлзэлтэй ажиллах нь л хамгийн чухал гэж би боддог. Аливаа зүйлийг сэтгэлээсээ бүр сэтгэлээ гаргаж хийх ёстой. Ажилдаа сэтгэлтэй, ажилдаа дуртай байх юм бол амжилтын үндэс тэр. Дээр нь аливаа төрийн ч бай төрийн бус ч бай байгууллагыг удирдахад тогтвор суурьшил гэдэг юм үнэхээр чухал байгаа юм. Манай аймгийн гаргаж байгаа амжилт бол үүнтэй холбоотой. Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын удирдлагууд их тогтвор суурьшилтай байдаг. Манай аймагт ямар нэгэн нам, улс төр сонгуультай холбогдуулан бужигнуулаад байх асуудал ер байдаггүй. Манай салбарт дээд тал нь 20 гаруй жил сургуулийн захирал хийж байгаа хүн ч байна. Тэдэнд ажиллах чадвар нь байна, туршлага байна, сургууль нь сайн үйл ажиллагаатай явж байна. Би нэг зүйлийг тодотгож хэлмээр санагддаг юм. Ялангуяа мэргэжлийн, оюуны, энэ том боловсролын салбарт мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах нь үр дүнтэй байдаг гэдгийг. Яагаад гэвэл энэ салбарын үр дүн урт хугацаанд харагддаг учраас тогтвор суурьшил хамгаас чухал. Тогтвор суурьшилтай байна гэдгийн цаана ажил нь гартаа орчихсон байх, тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлж, цаг тухайд шинэчлэгдэж, байнга өөрийгөө шинэчилж явах нь чухал. Түүнээс биш хуучнаараа байгаад байх юм бол хөгжихгүй, дэвшихгүй, урагшлахгүй шүү дээ.

-Та хэр удирдагч вэ. Өөрийгөө дүгнэх юм бол ширүүн хатуу зан гаргадаг уу. Эсвэл уян зөөлөн үү?

-Ер нь ажлыг хийхдээ хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хандах ёстой. Түүнээс биш ганцхан хувь хүнийхээ зан төлөвийн байдлаар бүх асуудалд хандаж болохгүй л дээ. Бидний ажил бол өдөр бүр хүнтэй ажилладаг онцлогтой. Хүнийг ойлгож, хүнд өөрийгөө ойлгуулж байдаг харилцааны ажил юм л даа. Иймээс  байнга өөрсдөө шинэчлэгдэж, хүнтэй харьцах арга барилаа тухайн цаг үеийнхээ, нийгмийнхээ, тухайн асуудлын онцлогоос хамаарч шийдэж байх ёстой. Үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх зүйлийг шаарддаг оюуны ажил гэдгээрээ онцлогтой. Ер нь миний хувьд зөөлөн талдаа гэвч хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчимтай.

 Хүн бол дэлхий дээр амьдарч байгаа хэдэн живаа тэрбум амьтдаас сэтгэдэг оюун ухаанаараа ялгардаг онцлогтой амьтан. Тийм учраас хүн бол ёс зүйтэй, зарчимтай амьдрах ёстой юм. Ялангуяа төрийн ажил хийж байгаа хүнд бол баримтах зарчим зайлшгүй байх хэрэгтэй. Түүн дээрээ шударга байх ёстой. Төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, биелүүлдэг байх ёстой гэх мэтээр хуулийн хүрээнд ёс зүйтэй ажиллах хэрэгтэй л дээ. Би өөрөө математикийн багш хүн. Аливаа юман дээр үг хэлэх, дуугарах энэ зүйл дээр дүгнэн бодож байж, задлан шинжилгээ хийж байж, төгсгөлд нь дуугарах дуртай. Аливаа асуудалд өнгөцхөн харж, сэтгэлийн хөөрлөөр хандаад хашгираад байх зохимжгүй санагддаг юм. Асуудал гээд тавьж байгаа зүйлээ асуудал нь юу юм, мөн чанар нь юу юм, яагаад ийм байгаа юм, хариулт нь юу байгаа юм гэдгийг систем дараалалтай бодож тэрэнд хандах нь зөв гэж боддог. Математик бол хүний оюун ухааныг, үйл хөдлөлийг эмх цэгцтэй болгодог давуу талтай. Иймээс би хүүхдүүддээ математик сайн бодож байгаарай гэж математикч хүний хувьд захидаг.     

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news