ДАРХАН-УУЛ: Зөөврийн худгуудыг усаар цэнэглэх автомашин дөрвөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-20 17:42:28

Дархан, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар зөөврийн ус түгээх байруудыг усаар хангах ажлын хүрээнд тусгай зориулалтын дөрвөн автомашиныг Дархан-Ус суваг ХК-д хүлээлгэн өглөө. Hoво маркийн тусгай зориулалтын автомашин нь 2023 онд үйлдвэрлэгдсэн, тус бүр тонн багтаамжтай ус нөөцлөх савтай, онцгой нөхцөлд ашиглах нэмэлт даралтад хоолой бүхий дөрвөн улиралд ашиглах боломжтой юм.




Гэр хорооллын багууд ус түгээх 59 худагтай, үүнээс 34 худаг зөөврийн зориулалттай буюу тусгай ус түгээх автомашинаар цэнэглэдэг. Дээрх худгуудад өдөрт дунджаар 180-200 тонн ус худгуудад хүргэх ажлыг хийдэг.




Хорь орчим мянган өрхийн усны хэрэгцээг байнгын тасралгүй найдвартай хангахад 1980 онд үйлдвэрлэсэн ЗИЛ-130 машинууд үйлчилдэг бөгөөд  эвдрэл, гэмтэл үүсэх асуудал өдөр бүр тулгардаг аж.

Зөөврийн ус түгээх цэгүүдэд 500 литр ус үлдэхэд шар дохио асаж, цэнэглэх шаардлагатай гэсэн мэдээлэл өгдөг ч машин техникийн хүрэлцээ муу байдгаас үүдэн цаг хугацаандаа очих боломжгүй, иргэдэд чирэгдэл үүсдэг ажээ.





Ус тээвэрлэх зориулалтын дөрвөн шинэ автомашинтай болсноор ус түгээх цэгүүдийн байнгын ажиллагааг сайжруулж, ус тасалдах асуудал шийдвэрлэгдэж, зөөврийн худгуудыг усаар цэнэглэх ажлыг 98 хувьтай шийдвэрлэж чадна гэж дэд захирал бөгөөд ерөнхий инженер Т.Буяндэлгэр онцолж байна.




Ташрамд Дархан сумын багуудын ИНХ-аар хамгийн их асуудал хөндсөн санал нь зөөврийн усыг тасалдуулахгүй байж, найдвартай цаг хугацаанд нь хангахыг хүссэн байна. Уг асуудлыг сумын ИТХ-ын шийдвэрлэж ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ус түгээх байруудыг усаар хангах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ийнхүү хүлээлгэн өглөө.

Дархан сумын засаг дарга Т.Тулгаа Дархан-Ус суваг ХК-ийн удирдлагууд болон жолооч нарт ус тээвэрлэх автомашинуудын түлхүүр гардуулж ажлын амжилт хүслээ.

 

 

Related news