ДАРХАН-УУЛ: Хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах хугацааг сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дархан сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг есдүгээр сарын 18-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.
"Төслийг 8 сар хүртэл таван удаа зарласан боловч шаардлага хангасан материал ирээгүй. Төслийн материалаа онлайнаар илгээхдээ сайтар нягталж шалгах хэрэгтэй. Материал бүрдүүлэхдээ нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Дархан сумын ЗДТГ-т өөрийн биеэр очиж зөвлөгөө авах боломжтой" гэж Дархан сумын ЗДТГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлт-Од хэллээ.
Төслийн материалд тавигдах шаардлагын тухайд Дархан сумын иргэн бөгөөд тухайн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг байх, сүүлийн нэг жилийн санхүүгийн
тайланаа хавсаргаж, үл хөдлөх хөрөнгийн барьцаа түүнийг гэрчлэх бичиг баримт
бүрдүүлэх юм.
Дархан сумын ЗДТГ, Хөгжлийн шийдэл ТББ-аас Хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар шалгарсан иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулахаас гадна хоршооны эзэд ямар чиглэлээр сургалт авах тухайгаа санал, хүсэлтээр илэрхийлж, түүний дагуу сургалт зохион байгуулдаг ажээ.
Зээлд хамрагдахаар материалаа ирүүлж буй хоршоо хөгжүүлэгчдийн ихэнх материал санхүүгийн баталгаажсан тайлан болон үл хөдлөх барьцаа хөрөнгө дутуу бүрдүүлснээс үүдэн татгалзсан хариу авч байгааг албаныхан хэлэв. Ташрамд, Хоршоо хөгжүүлэх сангийн төслийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай бөгөөд нэг хоршоонд 50 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгодог байна.