ХОВД: Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-28 12:55:15

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ.

Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн салбар уулсаар 0+6 градус, бусад нутгаар +8+16 градус дулаан байдаг. Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говь болон Мянгад, Дөргөн сумын нутгаар 0-5 мм, бусад нутгаар 5-10 мм ордог.

Тэгвэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх есдүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дундаж орчим байна.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, хүйтрэх төлөвтэй байгаа юм.
 

Цаашид  есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үед зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.  Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температурын хувьд сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байх төлөвтэй. 

Ташрамд, одоогийн байдлаар зуншлага болон ургамлын ургалтын байдал Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд сайн буюу хэвийн,  50 орчим хувьд дунд гэсэн үнэлгээтэй байна.    

Related news