ХОВД: Энэ хичээлийн жилд Хөгжил политехник коллежид 1300 гаруй оюутан суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-04 13:15:24

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийг үүсгэн байгуулсны түүхт 80 жилийн ойн баярын нээлт өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Тус коллежийг анх 1944 онд Мал эмнэлгийн сургууль нэртэй байгуулсан нь баруун бүс нутагт хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх эхлэл болжээ.  

Хөгжил политехник коллеж нь одоо 1300 гаруй суралцагч, 130 гаруй багш, ажилтантай. Гадаад, дотоодын их, дээд сургууль болон төр, хувийн хэвшлийн 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 33 мэргэжлийн дагуу сургалтын үйл ажиллагаа явуулж байна.    

80 жилийн хугацаанд бүтээсэн түүх, ололт амжилтаа өнөөдөр тайлагнаж, үе үеийн төгсөгчид болон багш, ажилтнууд дурсамж хуваалцлаа. 

Онцлоход, тус коллеж 2020 онд байгууллагын магадлан итгэмжлэл хийсэн бол 2023, 2024 онд малын бага эмч, сантехник халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, зоотехникч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний техникч, барилгын техникч мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна. 

 

Related news