ХОВД: Дөргөн нуурын экосистемийг хамгаалахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-05 13:02:54

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Зуны улиралд орон нутгийн иргэд, аялагчид Дөргөн нуурыг зорих нь элбэг.

Иймээс Дөргөн нуурын экосистемийг хамгаалах асуудлаар мэргэжлийн байгууллагууд санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.  

Тодруулбал, Ховд, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллага болон байгаль орчны салбар байгууллагын төлөөллүүд энэ сарын 3-нд уулзаж, Дөргөн нуурын экосистем, түүний өнөөгийн байдал, хамгааллын асуудлаар ярилцжээ.  

Уулзалтын үр дүнд талууд байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтарсан төлөвлөгөө гаргах, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх, онцгой хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэлт хийх, аялал жуулчлалын улиралд тогтсон хуваарийн дагуу хяналтын цэг бий болгох зэрэг ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлж, үр дүнгийн уулзалтыг ирэх оны зургаадугаар сард хийхээр болов. 

Дөргөн нуур нь Хар нууртай залгаа оршдог. Нийт 300 гаруй км.кв талбайтай, гадагш урсгалгүй бөгөөд шорвог устай. Энэ нуурын эргийн байдал бусад нуурыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд нуурын зүүн хойт талаас 50-100 метр харьцах өндөртэй. Ховд аймгийн Дарви, Чандмань, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сум тус нуурыг тойрон хүрээлдэг. 

Related news