ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийг дэмжих санд 13 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-16 15:13:19

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Дэнээдорж, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ЖДҮ эрхлэгчидтэй энэ сарын 16-нд уулзаж, бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн чанар стандарт, техник тоног төхөөрөмжийн хангалт зэрэг үйл ажиллагааны талаар санал солилцон, сайн туршлагуудыг хуваалцлаа.

 



“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2022-2024 онд орон нутгийн төсвөөс 13 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийг дэмжих санд төвлөрүүлж, энэ хугацаанд нийт таван удаа хөнгөлөлттэй зээлийн төслийг зарлаж, орон нутгийн 334 ААНБ төслөө ирүүлж шаардлага хангасан 101 ААНБ-д 11,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.



Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд 101 аж ахуйн нэгж шинээр үйлдвэр барьж, орон нутагт 204 ажлын байр хадгалагдаж, 514 ажлын байр нэмэгдсэн байна.


Related news