Жаргалантын аманд 1.8 км урт далан барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-17 09:13:32

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байна.


Тус байгууламжийг хоёр сувагтай хийж байгаа бөгөөд эхний 800 ам метр даланг дуусаж, өнгөрсөн сард ашиглалтад оруулсан юм. Үлдсэн нэг км далангийн угсралтыг 10 дугаар сарын нэгэнд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, ИНЕГ, “Буянт-Ухаа 2” хороолол орчим үерт автах эрсдэл үүсдэг байсан тул энэ даланг барьж байгаа юм. Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ суурилуулж, найман байршилд үерийн хамгаалалтын далан сувгийг хүчитгэн, шинээр барьж байна.


Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралтыг ч эхлүүллээ. Мөн, тус дүүргийн “Акуа гарден” хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэхээр төлөвлөгөөт шугам, далангийн цэвэрлэгээг үе шаттай хийж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Related news