БАЯНХОНГОР: "Хог биш ээ мөнгө" нөлөөллийн ажил 30 дахь сардаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-17 14:13:46
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хоггүй цэвэр хот болох зорилтын хүрээнд эхлүүлсэн "Хог биш ээ мөнгө" нөлөөллийн ажил 30 дахь сардаа үргэлжилж байна. Тус ажил нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагууд, иргэд хог хаягдлаа ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг болох, түүнийг хэвшүүлэх зорилготой.

Баянхонгор сум хогийн цэгт хүргэгдэх хогийн хэмжээг багасгаж, дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль эх дэлхийгээ онгон байгалиар нь хадгалж үлдэх зорилгоор дээрх аяныг санаачилсан. Өнөөдөр төрийн болон хувийн хэвшил, иргэд олон нийтийг хамарсан томоохон ажил болж үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн онд "Эко манлайлагч" байгууллагаар шалгарсан сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 17-нд бүтээлийн үзэсгэлэн дэлгэж, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Тус үйл ажиллагаанд "Цэвэр хот" ОНӨААТҮГ, "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ болон Эко Баянхонгор төсөл, Эко Баянхонгор клубийн сурагчид оролцож, хогоо ангилан ялгаж, хогийн саванд хийхэд бусдыгаа уриалав.

Баянхонгор сумын хэмжээнд хоногт дунджаар 82 тонн хог хаягдал гардаг байна. Сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал, зам талбай, барилгажилт тэлж аймгийн төв болон хөдөө орон нутгаас гарах хог хаягдлын хэмжээ эрс нэмэгджээ. Баянхонгор аймгийн хэмжээнд 21 энгийн, хатуу хог хаягдлын төвлөрсөн хогийн цэг байгаа нь нийтдээ 82.5 га талбайг хамарч байгаа юм.

Хогийн цэгт хаягдаж байгаа хог хаягдлын хэмжээг төрлөөр нь ангилбал, хүнсний бүтээгдэхүүний хаягдал 9938 тонн, барилгын хог хаягдал 8319 тонн, цаас цаасан бүтээгдэхүүний хаягдал 6658 тонн, хуванцар, гялгар уут 5511 тонн, шил шилэн бүтээгдэхүүний хаягдал 4711 тонн, төмөр 2394 тонн, цахилгаан барааны хог хаягдал 2201 тонн, автомашины эд анги 1770 тонн, бусад хог хаягдал 18362 тонн эзэлж байна.
Related news