Ливанд дахин дэлбэрэлт болж, 20 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-19 10:16:22

БЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 19 /BBC/. Ливанд харилцаа холбооны утасгүй төхөөрөмжүүд дэлбэрсний улмаас 20 хүн амиа алдаж, 450 гаруй хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.


Тодруулбал, нийслэл Бейрут хотын өмнөд хэсэг, Бекаа хөндий, Ливаны өмнөд хэсэгт “Хезболла” зэвсэгт бүлэглэлийнхний ашиглаж байсан богино долгионы радио станцууд дэлбэрсэн байна.


Мягмар гарагт Хезболла”-гийн гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд дэлбэрсний улмаас амиа алдсан 12 хүний заримыг нь оршуулах ёслолын үеэр мөн дэлбэрэлт болжээ. Энэ халдлагад Хезболла” бүлэглэл Израилыг буруутгаж байна. Харин Израилын тал одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


Израилын Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант дайны шинэ үе шат-ны талаар зарлаж, Израилын армийн ангиудыг хойд зүгт шилжүүлэн байршуулах үед дээрх халдлага болжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурцадмал байдал улам даамжрах ноцтой эрсдэлтэй байгааг” анхааруулж, “дээд зэргээр хүлээц тэвчээртэй байхыг талуудад уриалсан байна.


Газын зурваст Израил болон ХАМАС-ын бүлэглэлийн хооронд 11 сарын турш үргэлжилж буй тулалдааны дараа илүү өргөн хүрээг хамарсан мөргөлдөөн болох вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна.


Лхагва гарагт болсон дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улсын хойд нутгаас дүрвэсэн олон арван мянган хүнийг “орон гэрт нь аюулгүй буцаан авчрахаа амлажээ.


Батлан ​​хамгаалахын сайд Й.Галлант энэ үеэр Израил дайны шинэ үе шатыг эхлүүлж байна гэж мэдэгдсэн бөгөөд нөөц хүчний байршлыг өөрчилснөөр хүндийн төв хойд зүг рүү шилжиж байна гэж хэлжээ. Саяхан Газын зурваст байлдаж байсан армийн дивизийг хойд зүгт шилжүүлсэн гэдгийг Израилын арми баталсан байна.


Хезболла нь Ираны дэмжлэгтэй ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаа бөгөөд Газын зурваст мөргөлдөөн дууссан тохиолдолд л хил дамнасан халдлагуудаа зогсооно гэж мэдэгджээ.


Пүрэв гарагт “Хезболла” бүлэглэлийн удирдагч Хассан Насраллах үг хэлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ үеэр тус бүлэглэл цаашид ямар алхам хийхээр төлөвлөж байгаа талаар дурдах бололтой.


Хезболла”-гийн хэвлэлийн албанаас лхагва гарагт мэдээлснээр, дэлбэрэлтийн хоёр дахь давалгаанаас хойш 13 гишүүн, түүний дотор 16 настай хүү амиа алджээ. Түүнчлэн тус бүлэглэл Израилын хилийн ойролцоо болон Голаны өндөрлөг дэх Израилын цэргүүдийг онилж, Израилын их бууны байрлал руу пуужингаар харвасан гэж мэдэгдсэн байна. Израилын армийн мэдээлснээр, Ливаны талаас лхагва гарагт 30 орчим сум харвасны улмаас гал гарсан боловч хүмүүс гэмтэж бэртээгүй байна. Үүний хариуд Израилын нисэх онгоцууд Ливаны өмнөд хэсэгт Хезболла бүлэглэлийн байлдагчдад цохилт өгсөн гэж мэдээлжээ.


Лхагва гарагт болсон дэлбэрэлтүүд нь Хезболла”-гийн хувьд бас нэгэн доромжлол болсон бөгөөд Израил тус бүлэглэлийн харилцаа холбооны сүлжээнд бүхэлд нь нэвтэрсэн байж болзошгүйг илэрхийлсэн байна. 


Мягмар гарагт тус бүлэглэлээс явуулсан гэх зурвасыг хүлээн авсны дараа олон мянган пейжер нэгэн зэрэг дэлбэрсэн явдалд Ливаны иргэд цочирдсон хэвээр байна. Дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдаж, 2800 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дунд найман настай охин, 11 настай хүү байжээ.

Related news