ӨМНӨГОВЬ: "Тэргүүний уншигч" хүүхдүүдийн зөвлөгөөн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2024" үйл
ажиллагааг есдүгээр сарын 20-ны
өдөр Өмнөговь аймгийн Төв номын сангийн түүхт 80 жилийн ойтой хамтатган өргөн
дэлгэр зохион байгууллаа.
Тодруулбал,
номыг шимтэн уншдаг уншигч хүүхдүүдийг дэмжих, тэдний уншиж хөгжсөн туршлагыг
түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан Өмнөговь аймгийн тэргүүний
уншигч хүүхдүүдийн зөвлөгөөн зохион байгуулж, 15 сумын ЕБС-ийн 80 шилдэг
уншигч хүүхдийн төлөөлөл хамрагдлаа.
Зөвлөгөөнд
урилгаар МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ-ийн
шагналт, яруу найрагч Ц.Галбадрах, Г.Сэр-одын нэрэмжит шагналт яруу найрагч
Т.Батхүрэл нар оролцож хүүхдүүдэд ном унших зөвлөмж зөвлөгөөг өгч
хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өмнөговь аймгийн төв
номын сангийн байнгын уншигч Глобал паспорт сургалтын төвийн багш А.Баттуул
"Гадаад хэлээр бичигдсэн ном уншихын ач тус", Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч
Т.Батхүрэл “Ном унших дадлыг хэвшүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл, зөвлөмжийг
хүргэсэн бол төв номын сангийн дарга А.Одончимэг “Хүүхдэд
зориулсан номын сангийн боловсролын хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Үйл
ажиллагааны хүрээнд Номын сангийн шинэ номын үзэсгэлэн, “Нутгийн түүх” сэдэвт
номын үзэсгэлэн, “Номоо солилцъё” шинэ, хуучин номын худалдаа, солилцоо, Соёлын
бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн төрөл бүрийн материалаар хийсэн номын баринтаг,
хавчуурга, ном уншихад зориулсан хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн
харууллаа.
Зөвлөгөөнд
оролцогч Цогтцэций сумын хоёрдугаар сургуулийн 12а ангийн сурагч С.Билгүүн,
Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн 11а ангийн сурагч О.Хүсэлцэцэг, хоёрдугаар
сургуулийн 5б ангийн сурагч Э.Учрал нар ном уншиж хөгжсөн түүхээ бусдадаа
хуваалцсан нь үе тэнгийн найз нөхөддөө ном унших хүсэл тэмүүллийг нэмэгдүүлснээрээ
онцлог байлаа.
Оролцогч
хүүхдүүдийг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо хөгжил дэвшил, бүтээн
байгуулалттай танилцуулах автобустай аялал зохион байгуулж, Говийн байгаль түүхийн музейг үзүүлж танилцууллаа.