Японы цэргийн хөлөг онгоц Тайванийн хоолойгоор анх удаа нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-26 15:49:35

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 26  /Yomiuri/. Японы цэргийн хөлөг онгоц анх удаа Тайванийн хоолойгоор дайран өнгөрсөн тухай "Yomiuri" сонин мэдээлжээ. 


Тус сонинд мэдээлснээр, Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч “Сазанами” хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист олон талт цэргийн сургуулилалтад оролцохоор Тайванийн хоолойгоор хойноос урагш чиглэлээр дайран өнгөрчөө. Энэ усан замаар мөн Австрали, Шинэ Зеландын цэргийн хөлөг онгоцууд дамжин өнгөрсөн байна.


Японы засгийн газар өнөөг хүртэл болгоомжилсон байр суурь баримталж, Бээжингийн хариу үйлдлийг харгалзан ийм алхам хийхээс татгалзсаар ирснийг сонинд онцолжээ. Гэвч К.Фүмио Хятадын цэргийн нисэх онгоц Японы агаарын хилийг зөрчиж, Хятадын цэргийн хөлөг онгоц Японы арлуудын хажуугаар ойрхон өнгөрсний дараа шийдэмгий байр сууриа илэрхийлэхийн тулд ийм алхам хийсэн байна. 


Тайваний хоолойгоор АНУ-ын хөлөг онгоцууд үе үе дайран өнгөрдөг бөгөөд энэ алхмаа навигацийн эрх чөлөөг хангах зорилготой гэж мэдэгддэг. Харин Хятадын тал мэдэгдэхдээ, навигацын эрх чөлөөний тухайд Хятадын талд ямар ч асуудал байхгүй, харин гадаадын хөлөг онгоцууд ердийн байдлаар дайран өнгөрөх бус өдөөн хатгах зорилготой байдаг гэжээ.

Related news