БАЯН-ӨЛГИЙ: Иргэн Х.Шекений хийсэн ташуур зах зээлд эрэлт ихтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-27 12:31:22

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Хамитын Шекен гар аргаар морины тоног, хэрэгсэл үйлдвэрлэдэг.


Түүний хувьд гурван жилийн өмнөөс сур, мод, төмөр, төмөр, алт, гууль малын эвэр, савхи зэрэг түүхий эдүүдийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба одоогоор 7 хүнийг орлоготой болгож байна. Түүний нагацууд төмөр, модоор янз бүрийн эд зүйлс хийдэг уран гартай хүмүүс байжээ. Энэхүү урлагийг нагацуудаас уламжилж авсан хэмээн Х.Шекен хэлж байна.


Х.Шекений үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг гадаад, дотоодын аялагчид худалдаж авдаг. Эвэр, мөнгө, чулуу, гуулиар чимэглэсэн морины ташуур нь хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн гэдгийг тэрбээр хэлж байна. Хийц, загвараас нь хамааран өдөрт 5-10 ташуур хийдэг. Бүтээгдэхүүнүүд нь эрэлт ихтэй тул хурдан борлогддог гэнэ. Одоогоор сард дунджаар 30 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг.  Ялангуяа, Бүргэдийн баярын үеэр хүмүүс хамгийн их худалдан авдаг байна.


Ирээдүйд тоног төхөөрөмж худалдан авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнд ойролцоогоор 200 орчим сая төгрөг шаардлагатай байна. Эрэлт хангалттай байгаа болохоор борлуулалт тал дээр асуудал байхгүй хэмээн тэрбээр онцоллоо.  



Related news