БАЯНХОНГОР: Аймгийн 17 сум ахмадын өргөөтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд 1992 оноос Монгол Улс жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэж иржээ.
Баянхонгор аймагт 10100 гаруй ахмад ажиллаж, амьдарч байна. Ахмад настнуудынхаа чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх зэрэгт анхаарч хөгжих орчныг нь бүрдүүлэх зорилгоор 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд Ахмадын өргөөг барьж байгуулсан. Харин одоогийн байдлаар үйл ажиллагааг түр завсарлуулж, их засварыг 130 сая төгрөгийн төсвөөр хийж байна.
Мөн аймгийн хэмжээнд 17 сум Ахмадын өргөө, танхимыг байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж, ахмадуудынхаа эрүүл идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж, урлаг спортын тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж байна.
Ахмад настнуудыг ажилтай, орлоготой байлгах зорилтын хүрээнд Баянхонгор аймаг ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хувиараа бизнес эрхлэгч ахмад настны үйл ажиллагааг дэмжих зэрэг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 400 гаруй ахмад настанд 270 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 132 байнгын ажлын байр, 470 гаруй түр ажлын байр бий болгожээ.