БАЯНХОНГОР: Томуугийн өвчлөл сүүлийн 3 жилийн дунджаас 5.6 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-02 13:09:27

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээний томуу, томуу төст өвчин идэвхжилийн шар түвшинд байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Сүүлийн долоо хоногийн байдлаар амбулаторийн 6275 үзлэгийн 7 хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа бол Түргэн тусламжийн 138 дуудлагаас 20 шахам хувь нь томуугийн дуудлага байгаа нь өмнөх 7 хоногоос 10 шахам хувиар өссөн дүн юм. Амьсгалын замын халдварт өвчнөөс 77.3 хувь нь 0-15 насныхан байгаа бол, тэр дундаа 4 хүртэл насныхан 60 хувийг эзэлж байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 47.2 хувь нь томуугийн шалтгаантай өвчлөл байгаа юм.

Нэгдсэн үзүүлэлтээр томуугийн өвчин өмнөх долоо хоногоос 2 хувиар, урьд оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 5.6 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.


Улирал солигдож буй энэ үед дулаан хувцаслаж, зохистой хооллож, гараа угааж, амны хаалт зүүж, томуугийн эсрэг вакцинд хамрагдах нь чухал бөгөөд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрснээр өвчин хүндэрдэг. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх
-Гараа тогтмол савандаж сайн угаах
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд агаарын бохирдол бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
-Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх
-Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй.


Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтойг аймгийн Эрүүл мэндийг газраас зөвлөлөө.




Related news